
Түүнийг Отгонбаатарын Хосбаяр гэдэг. Таеквондо гэх тулааны спортоор 32 жил хичээллэж олон жилийн хичээл зүтгэл, туршлага, хүч хөдөлмөрөө бусдад түгээж яваа нэгэн. Аав нь Монголын Таеквондогийн спортыг түүчээлэгч гавьяатан бол тэр өөрөө шинэ үеийнхний амжилтын түүхийг бүтээхээр сэтгэл шулуудсан эгэл эрхэм юм.
ААВЫН ХҮСЛИЙН ДУТУУГ ХҮҮ НЬ ГҮЙЦЭЭДЭГ УЧИРТАЙ
Би долоон настайгаасаа Таеквондогоор хичээллэж эхэлсэн. Тэр үед хүүхдүүдийг спортоор хичээллүүлж бие бялдарыг нь хөгжүүлнэ , өв тэгш хүн болгон гэж ярьдаггүй үе байлаа шүү дээ. Тухайн үед Таеквондо хийгээд сурчихвал гудамжинд гараад “лаг” зодолдоно гэдэг балчирхан бодолтойгоор л клубт очиж байлаа. Хичээллэж эхэлснээсээ хойш миний төсөөлсөн зүйлийн эсрэг туйл болохыг ухамсарлаж эхэлсэн юм. Багш нар минь энэ бол хүндлэл, дэг журам, тууштай байдал болохыг үг үйлдлээрээ харуулж байлаа. 1993 онд Монгол улсын хамгийн анхны Таеквондогийн УАШТ болж хичээллээд хэдхэн сар болж байсан би алтан медаль хүртэв. Түүнээсээ урамшиж бэлтгэлээ бүр илүү тууштай, зорилготой хийх болсон. Түүнээс хойш нийт 10 удаагийн Улсын аваргаар шалгарсан.
Энэ спортод анх хөл тавьсан нь аавтай маань салшгүй холбоотой. Учир нь аав минь 1992 онд Монголын Таеквондогийн холбоог гурван нөхдийн хамт үүсгэн байгуулсан юм. Монголын Таеквондогийн хамгийн анхны гэх тодотгол бүрийн эзэн гэж хэлж болох байх. Хар бүс зургаан дантай ОУХМ хүн. Монголын анхны Таеквондогийн олимпын медальтнуудын багш нь. Аавын минь хүсэл мөрөөдөл Олимпын медальтан төрүүлэх байлаа. Тэр чадсан. Гэвч өөрөө хараахан амьд сэрүүндээ үзэж чадсангүй. Өнгөрсөн оны долоодугаар сард хүнд өвчний улмаас өөд болсон юм. Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав хоёрыгоо медаль авахад Монгол даяараа огшиж баярлалаа. Үгээр хэлэхийн аргагүй баяр тэр байсан ч ам мөлтөсхөн өөд болчихсон аавыгаа бодохоор зүрх шархирах шиг тийм ойлгомжгүй мэдрэмж дунд нулимсаа залгин сууж байв даа. Аав минь энэ спортод буй бүхнээ зориулсан шүү дээ. “Азарга нь хүрээгүй газар унага нь хүрдэг учиртай. Аавын хүслийн дутууг хүү нь гүйцээдэг жамтай” гэдэг ч би аавынхаа дэргэд “хэн” юм бэ? гэж халшрах үе цөөнгүй. Гэсэн ч алдарын өндөрлөгөөс эхтэй хүний хүү дутуу бууж болохгүй шүү дээ. Тиймээс Отгонбаатарын Хосбаяр гэдэг хүний шавь нь ДАШТ-ээс медаль авах, Олимпоос медаль хүртэх ёстой гэдэг том зорилгыг өөртөө тавиад явж байна.
БЯЦХАН ТАМИРЧДЫН ДАСГАЛЖУУЛАГЧ БАЙХ НЬ ХАМГИЙН ХҮНДТЭЙ АЛБАН ТУШААЛ
Багшийн гараа маань тамирчин байх үед л эхэлсэн. 10 жилийн сурагч байхдаа тав, зурган настай цэцэрлэгийн жаалуудын Таеквондогийн багш байв. Одоо бодох нь юугаа л эвлүүлж дэвлүүлж заадаг байсан юм бол доо гэж инээд хүрдэг юм. 1993 оноос 2001 он хүртэл Монгол Улсын шигшээ багийн тамирчин байсан. Үүний дараа хүний нутгийг зорьж бусдын адил хөдөлмөрлөсөөр 2014 онд эх орондоо буцаж ирсэн юм. Тэр олон жилийн хугацаанд хайртай спортоосоо хөндийрсөн үү гэвэл үгүй л болов уу. Үргэлж л наашаа сураг ажиг тавина. Шигшээ багт хэн хэн байгаа бол, ямар тэмцээнд бэлдэж байна вэ гээд л. Учир нь Таеквондо гэдэг зүйл миний оюун бодол, бие сэтгэлд хэдий нь том орон зайг эзэлчихсэн байв шүү дээ. Таеквондогийн өлгий нутаг болох Солонгос улсад байсан учир өөрийн эрхгүй хөл минь заал руу явна. Тэднийг ажиглаж туршлага судална. Солонгост тэмцээнд оролцохоор ирсэн Монгол тамирчдаа тосож аваад л тэмцээн уралдаанд нь яг тэдэн шиг догдлол сандрал дүүрэн хүргэнэ.
Ийм л байдлаар нөгөө л спортоосоо уяатай байсаар эх орондоо ирсэн. Ирээд Таеквондо Монголд ямар сайхан хөгжөө вэ, энэ спортоор холбогдсон ахан дүүс минь хэчнээн өнөр ам бүл болоо вэ гэж бахдаж байсан минь саяхан мэтэ санагдаж байна. Гэвч түүнээс хойш 12 жил өнгөрчхөж. Ирээд удаагүй шигшээ багийнхаа туслах дасгалжуулагчаар ажиллаж 2019 оноос Пара таеквондогийн шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж анхны олимпод Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нарыгаа дагуулаад явж байлаа. Түүнээс хойш Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажилласан. Одоо бол “Гурван хос” Олимпын Таеквондогийн клубын багш дасгалжуулагч гэх бяцхан шавь нарынхаа урд хүлээсэн хамгийн хүндтэй үүргийг гүйцэтгээд явж байна. Энэ балчрууд минь Таеквондо бол хүндлэл, тэвчээр, тууштай байдалд тулгуурлан бахдам амьдралыг бүтээх зам гэдгийг ойлгоосой. Тэд минь бусдад тустай, олонд нэртэй хүмүүс болоосой гэж мөрөөдөн хүсэж хөдөлмөрлөсөөр байна.