
Израилд томоохон хэмжээний ой хээрийн түймэр гарсантай холбоотойгоор тус улсын Батлан хамгаалахын яам олон улсаас тусламж хүссэн байна. Иерусалимын Гал сөнөөх албаны дарга Шмулик Фридман өнгөрсөн лхагва гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ энэ удаагийн түймэр нь тус улсын түүхэн дэх хамгийн том ой хээрийн түймэр байж болзошгүй гэдгийг онцолж, салхины эрч 28 м/с хүртэл нэмэгдэж, түймэр хурдацтай тархах эрсдэлтэй байгааг анхааруулжээ. Түүний хэлснээр ой хээрийн түймэр гарах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.
Ой хээрийн түймрээс болж зарим авто замуудыг хаасан байна. Тель Авив хотын Иерусалим хоттой холбох авто замыг хааж, тус зам дээр зорчиж байсан жолооч, зорчигч нарыг нүүлгэн шилжүүлжээ. Түймэр хэд хэдэн фронтод идэвхтэй байгаа ба Иерусалим хотоос 24 км зайд байрлах Неве-Шалом хотын ойролцоо түймрийн томоохон голомт бүртгэгджээ. Ой хээрийн түймрийг унтраах ажилд гал сөнөөх албаны 120 ангийн албан хаагчид дайчлагдаж, гал унтраах зориулалттай 120 онгоц ба нисдэг тэрэгнүүдийг ашиглаж байгаа аж. Израилын Гадаад харилцааны сайд Гидеон Саар Европын улс орнуудтай гал унтраах зориулалттай онгоцнуудыг нь түймэртэй тэмцэх ажилдаа дайчлах талаар ярилцаж байгаа ба Итали болон Македони улсын гурван онгоц ойрын хугацаанд Израилын ой хээрийн түймрийг унтраах ажилд нэгдэхээр болсон талаар Израилын Аюулгүй байдлын зөвлөл мэдэгджээ.