
Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн ажлын хэрэгжилтийн талаар танилцуулж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа төсвийн алдагдал, ард түмний амьжиргааны асуудалтай холбоотой асуулт асууж, Ерөнхий сайдыг “уурлуулсан” нь олны анхаарлыг татсан юм. Бид асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай ярилцлаа.
-2030 он гэхэд, Баялгийн санд гурван их наяд төгрөг төвлөрнө гэдэг эргэлзээтэй-
-Чуулганы индэр дээрээс Ерөнхий сайд таныг С.Баярцогтын хүн гэж зарлалаа. Хэт их улс төржөөд байна уу?
-“Улс төржсөн учраас улс төржье3 гэж хариулсан. Би бол улс төржөөгүй, тоо статистик л ярьсан. Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал, төсвийн орлого буурсан үзүүлэлт, экспортод гарсан бараа бүтээгдэхүүний үнэ яаж буурав, валютын ханш хэрхэн өсөв гээд статистикийн мэдээнээс харсан асуудлаа Ерөнхий сайдаас асуусан. Ингэхдээ Баялгийн сантай холбож асуусан. 2030 он гэхэд Баялгийн санд гурван их наяд төгрөг төвлөрүүлнэ гэж байгаа. Энэ оны эхний улирлын байдлаар Монгол Улсын төсөв хасах руугаа орчихсон явж байна. 350 тэрбум төгрөгийн алдагдалтай. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад энэ нь хэд дахин буурсан үзүүлэлт. Энэ нөхцөлд Баялгийн санд энэ мөнгө төвлөрч чадах уу гэдэг асуудал. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах юм бэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байж валютын нөөц ихэснэ. Ингэж байж монгол төгрөгийн ханш чангарна. Энэ мэт асуудлууд холбоотой асуултыг л Ерөнхий сайдаас асуусан. Тоо асуух нь, ард түмний амьдралыг асуух нь улс төржилт юм бол бид энд юу ярих гэж суух юм бэ.
-Би үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхдээ хэнээр ч заалгадаггүй-
-Яагаад таныг С.Баярцогттой холбоод байдаг юм бэ? Таныг чиглүүлээд байдаг юм уу?
-Ямар юм байх вэ дээ. Энэ тухай олон хэллээ. Тэр хүн хаана ч явдаг юм. Юу ч боддог юм. Ийм яриан дунд орчихоор юу бодож явдаг юм бол доо. Ямар ч тийм зүйл байхгүй. Би үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхдээ хэнээр ч заалгадаггүй.
2022 онд би нэг нийтлэл бичиж байсан юм. Монгол авторитар дэглэм айсуй гэж. Тэр үед Баярцогт хаана явж байсныг би мэдэхгүй. Олон улс Монголыг яаж дүгнэж байгаа, хувь хүн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хаана явна. Авлигын индекс хаана явна гэдэг дээр үндэслээд болгоомжлол нийтлэл бичиж байсан юм. Гэтэл одоо Ванга шиг хэлчихсэн юм уу гэмээр муухай зүйл болж байна. Бид сонгууль хийдэг боловч бусад зүйл нь дарангуйлсан нийгэм болчихсон. Үүнийг олон улсын байгууллага нь тогтоочихсон шүү дээ. Гурван жилийн өмнө миний бичиж байсан зүйл биелж байна.
-Асуулт асуусан төдийд ийм авир гаргана гэдэг бол УИХ-ыг дээрэлхэж буй хэлбэр-
-Ерөнхий сайд нь УИХ-ын толгой дээр гараад суучихлаа гэж олон нийт шүүмжилж байна. Зөвхөн уучлал гуйгаад өнгөрөх асуудал мөн үү?
-Засаглалын хуваарилалтын асуудал яригдаж байна. Гүйцэтгэх засаглал гэж юу билээ. Хууль тогтоох, Шүүх засаглал гэж юу билээ. Энэ бүхэн холилдчихоод байна. Үндсэн хуулиараа УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. УИХ-ын тухай хуулиараа УИХ-аас Засгийн газар нь томилогддог. Томилогдоно гэдэг чинь эргээд, хийсэн ажлаа УИХ-д тайлагнана гэсэн үг. Тайлагнана гэдэг чинь бид асуулт асуух бүрэн эрхтэй л гэсэн үг. Тэгэхээр Монгол Улсын нийгэм эдийн засагтай холбоотой тоо баримт асуух нь буруу юм бол асуудлыг хэн хариуцах юм бэ.
-Ерөнхий сайд уучлал хүсэхгүй бол АН цаашид хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авах байр суурийг бүлгийн дарга илэрхийлсэн. Энэ саналыг хэн гаргасан бэ?
-Би энэ саналыг гаргаагүй. Хэрэв хүнтэй нь холбож ярьж байгаа бол би түүнийг хүсэхгүй. Миний хувийн асуудал шүү дээ. Асуулт асуусан төдийд ийм авир гаргана гэдэг бол УИХ-ыг дээрэлхэж буй хэлбэр. Энэ байр сууринаас манай намын гишүүд хандсан.
-Л.Оюун-Эрдэнэ таван сар биш таван жил Ерөнхий сайдаар ажиллалаа. Хариуцлагаа хүлээх болсон-
-Одоогийн Засгийн газар, Ерөнхий сайдад хариуцлага тооцох хэмжээнд хүрсэн гэж бодож байна уу?
Хүрсэн гэж бодоод байр сууриа илэрхийлж байгаа. Тийм ч учраас асар их гүтгэлэгт өртөж байна. Би нэг л зүйл хэлээд байгаа. Энэ хүн тав дахь жилдээ Ерөнхий сайд хийж байна. Таван сар биш шүү дээ. Энэ хугацаанд ямар их орлого оллоо. Наад зах нь нүүрсний үнэ ямар өндөр байлаа. үүнтэй холбоотой ямар их мөнгө оллоо. Энэ мөнгө хаачсан юм. Юунд зарцуулсан юм. Яагаад энэ их мөнгө ард түмний амьдралд нөлөөгөө үзүүлэхгүй байгаа юм. Өнгөрсөн хугацаанд энэ их мөнгө олчхоод дахиад татвар нэмж байна, хураамж нэмж байна. энэ үед ар түмэн чинь яах ёстой юм бэ. Олсон орлогоо юунд үрсэн нь мэдэгдэхгүй байхгүй болгочхоод, нэмээд төсвөө санхүүжүүлэхийн тулд татвар нэмээд байгаа юм. Би үүний эсрэг байгаа. ХХОАТ-ыг нэг хувь болгох санаачилга долоон хоногийн дотор 100 мянган хүний санал авсан. Үүн дээр АН-тайгаа хамтраад хуулийн төсөл санаачилъя гээд 10 гаруй хоногийн өмнө мэдэгдэл хийсэн. Үүнтэй холбож намайг харлуулаад байгаа юм уу. Үүнийг ойлгохгүй байна. 10 хувийг нэг болгох нь есхөн хувийн зөрүү шүү дээ. Иргэддээ есөн хувийн зөрүүг нь үлдээе л гэж байгаа шүү дээ. Гэтэл наад зах нь инфляц есөн хувьтай байгаа.
Саяхан төсвийн асуудлаар ажлын хэсэг хуралдлаа. Замын ажлыг 2-3 жилийн өмнө 30 тэрбум төгрөгөөр хийж байсан байна. Гэтэл өнөөдөр 400 тэрбум болсон байна. Бараг 10 дахин нэмэгдсэн байна. Гэтэл бид асуудалгүй гоё замаар явж чадаж байна уу? Энэ дээрээс л төсвийн үр ашиггүй, хяналтгүй зарцуулалт явагдаж байгааг харж болно.
-ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төсөл бэлэн болчихсон-
-ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийн төсөл нь юу болж байгаа вэ?
Хуулийн төслөө боловсруулаад, бараг л бэлэн болчихсон байгаа. Маш бага хугацаанд боловсруулсан гэсэн үг. Хууль тогтоомжийн тухай хуулиараа маш их зүйл бүрдүүлдэг. Тооцоо судалгаа хийх шаардлага тулгардаг. Энэ дээр уг нь ажиллаж байгаа юм. Үүнтэйгээ холбоотой хэдэн асуулт асуусан чинь, төрийн дайсан шахуу болчихсон явж байна.
Би баялгийн санг хэзээ ч үгүйсгээгүй. Намайг Баялгийн санг эсэргүүцлээ гэдэг жүжгийн зохиол явж байх шиг байна. Эсрэгээрээ зүй зохистой ажиллуулах ёстой. Норвегийн санг жил бүр очиж үздэг гэсэн. Тэглээ гээд туршлага авсныг нь би мэдэхгүй байна. Норвегийн сангийн тухайд уул уурхайн бүтээгдэхүүнээсээ олж байгаа ашгийг төсвийн хулгайчдад өгөхгүйгээр тусад нь байлгая гэсэн санаатай сан шүү дээ.
Харин манай төрийн сангууд яаж үйл ажиллагаагаа явуулдгийг бид мэднэ. Өмнөх сангууд бүгд тоногдсон. Наад захын ЖДҮДС байна. Гишүүн бүрд нэг тэрбум төгрөгийн зээл өгчихсөн байсан. Энэ мэт асуудал дээр өнөөдөр хэн хариуцлага хүлээсэн юм. 20 гаруй сан үйл ажиллагаа явууллаа гээд гарсан бодитой үр дүн ч алга. Сангийн мөнгийг хэдэн нөхдүүд гарын салаагаараа л урсгаж байдаг. Ийм л болчихсон.