
Монголын Хөлбөмбөгийн холбооны ээлжит бус сонгуулиар УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазар Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Олон нийтийн сүлжээнд хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдож байсан хүн сонгогдлоо, холбоо ингээд сүйрлээ гэх мэтээр хөл бөмбөг сонирхогчид сэтгэгдлээ илэрхийлж байна. Ялангуяа, тамирчид болон багийн эзэд эсэргүүцээд эхэлжээ.
Тодруулбал, Монголын хөлбөмбөгийн тоглогчдын холбоо Ц.Анандбазарыг эсэргүүцэж, лигт ажил хаялт зарлах аж. Тэгвэл “Вестерн” багийн (эмэгтэй) эзэн Л.Эрдэнэчимэг сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Тэрээр “Би нь хөлбөмбөгийн “Вестерн” багийн эмэгтэй тамирчдыг дасгалжуулагчийн хамт цалинжуулдаг юм аа. Их сургуульд суралцангаа, ажлаа хийнгээ дээр нь тамирчны цалин авдаг учраас манай багийн охидууд өдөр ирэх тусам сайжраад Лигийн аварга болсон. Бүр FIFA-ийн ерөнхийлөгчөөс баяр хүргэж илгээлт явуулсан гээд бод доо. Вестерн хүүхдийн багууд Туркийн Анталия, Вьетнам явж тэмцээнд оролцсон. Зөвхөн дотооддоо тоглоод амжилтанд хүрэхгүй гэж боддог учраас олон улсын тэмцээнд зардлыг нь даагаад явуулдаг юм. Бас Япон, Македони дасгалжуулагчдыг бүх зардлыг нь даагаад монголдоо ажиллуулдаг. Удахгүй футзал барихаар ажил эхлэх гэж байна.
Тийм ээ, манайх гэр бүлээрээ хөл бөмбөгийн хөгжилд хөрөнгө зарцуулдаг. Олон ч жил хүч хөдөлмөр зарж байгаа. Харамсалтай нь Хөл бөмбөгийн холбооноос дэмжлэг 0. Гадаадаас, FIFA-аас ирдэг мөнгө нь хаашаа ордгийг сая сонгуульд оролцсон 26 л мэддэг байх. Хөл бөмбөгийн талбай дээр ирж ч үзээгүй мөртлөө нэр дэвшиж болдог юм бол би ч бас нэрээ дэвшүүлмээр байна шүү. Тэмцэгч тамирчидтайгаа нэгдэж дэмжиж байгаа шүү” гэжээ.