
АНУ-ын Калифорни муж дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
АНУ-ын Калифорни муж эдийн засгийн үзүүлэлтээрээ Япон улсыг ардаа орхиж, дэлхийн 4 дэх том эдийн засаг болсон тухай тус мужийн захирагч Гэвин Ньюсом мэдэгджээ.
Калифорни мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 онд 4.1 их наяд ам.доллар хүрсэн нь Япон улсын 2024 оны ДНБ болох 4.02 их наяд ам.долларыг давсан байна. Калифорни мужийн 2024 оны эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрсэн нь дэлхийн хамгийн том эдийн засагтай улс орнуудын жагсаалтын эхний гурван байрт бичигдэж буй АНУ, БНХАУ, ХБНГУ гурвын эдийн засгийн өсөлтийг давсан үзүүлэлт юм.
Тус мужийн захирагч Г. Ньюсом мужийнх нь эдийн засгийн хүчирхэг байдал АНУ-ын одоогийн засаг захиргааны болчимгүй бодлогуудаас болж эрсдэлд орж байгааг онцолжээ. Тэрээр, “Калифорнийн эдийн засаг Америкийн ард түмнийг тэтгэж байгаа учраас үүнийг хамгаалах нь зүйтэй.” хэмээн мэдэгджээ.
АНУ-ын хамгийн олон хүн амтай Калифорни мужид 40 орчим сая хүн аж төрдөг ба тус муж 2024 онд Америкийн ДНБ-ий 14 хувийг бүрдүүлсэн байна. Өнгөрсөн онд Калифорни муж 675 тэрбум ам.долларын худалдаа хийсэн байна. Тэгвэл худалдааны гол түнш орнуудаар нь Мексик, Канад болон БНХАУ тодорч, тус мужийн нийт импортын 40 гаруй хувийг дээрх 3 улс бүрдүүлжээ.