
2024 онд 521 эмэгтэй Умайн хүзүүний хорт хавдар тусаж, 167 эмэгтэй нас баржээ. Өдөрт 1-2 эмэгтэй Умайн хүзүүний хорт хавдраар өвчилж, хоёр хоногт нэг эмэгтэй нас барж байна гэсэн ерөнхий тооцоолол хийж болохоор байна. Бид өмнө нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх шалтгаан болон сэргийлэх арга замыг “зааж” өгсөн. Түүнийг энд дарж уншаарай.
Харин энэ удаа хавдар туссан эмэгтэй хүүхэд төрүүлэх боломжтой эсэхийг ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүүгээс тодруулан хүргэж байна.
-Умайн хүзүүний хорт хавдар туссан эмэгтэй жирэмслэх, хүүхэд төрүүлэх боломжтой юу?
-Хожуу шатандаа оношлогдож, бусад эрхтэнд нь тархаад, мэс заслын аргаар авхуулсан, хавдар тархсанаас болоод хими, туяа эмчилгээнд орсон бол ер нь боломжгүй. Хожуу шатандаа орсон хүнд хүүхэд төрүүлэхээс илүү өөрийнхөө амийг аврах гэдэг асуудал л тулгардаг. Харин эрт шатанд бол ямар ч асуудалгүй.
-Тамхи умайн хүзүүний хорт хавдарт нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлүүдийн нэг гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгвөл?
-Тамхи ер нь бүх хавдрын шууд шалтгаан болдог. Ялангуяа умайн хүзүүний хорт хавдрын шууд шалтгаан болж чаддаг байх нь. Тодруулан хэлбэл, тамхи татдаг хүнийг энгийн хүнтэй харьцуулахад умайн хүзүүний хорт хавдраар өвдөх магадлал хоёр дахин өндөр байдаг.
Умайн хүзүүний хорт хавдрын нууц үе нь 10 жил байдаг. Тэгэхээр 15 настай бэлгийн харьцаанд орсон хүн тэр үедээ энэ халдварыг авсан байлаа гэж бодъё л доо. Тэгвэл 25 насанд нь шинж тэмдэг илэрнэ. Тэгэхээр умайн хүзүүний хорт хавдраас урдчилан сэргийлж 11-ээс дээш насны хүн бүр эр, эмгүй хүний папиллома вирусийн эсрэг вакциндаа хамрагдах хэрэгтэй. Хэрэв вакцин хийлгээгүй бол бэлгийн харьцаанд орохдоо өөрсдийгөө аль болох хамгаалж, хамгаалалт хэрэглэж хэвших хэрэгтэй.
Манай эмнэлэгт ажилладаг 30 хэдэн настай эрэгтэй эмч маань би ирээдүйд эхнэртэй болно. Эхнэртээ ийм хүндрэл учруулмааргүй байна аа гээд хүний папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэсэн. Энэ мэт хүмүүс ухамсартай болж байна. Та ч гэсэн энэ вакциныг хийлгэж болно. Гэхдээ хамгийн гол нь ПСР шинжилгээгээр үзээд, хүний папиллома вирусийн халдвар байна уу гэдгээ үзүүлэх хэрэгтэй. Хүний папиллома вирусийн эрсдэлт 29 бүлгийн аль нэг нь шинжилгээгээр илрэхгүй бол вакцинаа хийлгэж болно.