
НҮБ-ын Хүүхдийн Сангийн шинэ элчээр Н.Цэлмүүнийг томиллоо
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Монголын Алт” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Н.Цэлмүүнийг тус сангийн Элчээр томиллоо.
НҮБ-ын Хүүхдийн Сан нь хувийн хэвшилтэй хүүхдийн эрхийн төлөө ажиллах түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Ялангуяа компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн ажлыг хүүхдийн төлөө чиглүүлэх, мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, инновац болон технологийн шийдэл нэвтрүүлэх, хүүхдэд ээлтэй ажлын байрны бодлогыг түгээн дэлгэрүүлэх зэрэг ажлыг хийж байна.
Шинээр томилогдсон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн элч Н.Цэлмүүн нь тус сангийн эрүүл мэнд, боловсролын хөтөлбөрт хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт босгоход хүчин чармайлт гарган ажиллах юм.
Түүний хувьд Монголын уул уурхай, эрчим хүч, барилгын материалын үйлдвэрлэл, банк санхүү, зочлох үйлчилгээ болон нийгмийн нөлөөллийн салбарт 15 гаруй жилийн удирдах түвшний туршлагатай. Хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хөгжлийг дэмжихэд чиглэсэн томоохон санаачилгуудыг хэрэгжүүлж байсан. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 960 хүүхдийн хүчин чадалтай олон улсын стандартад нийцсэн эко сургуулийн төслийг хэрэгжүүлж байв. Мөн Өмнөговь, Дорноговь аймагт хүүхэд, залуусын боловсрол, урлаг, спортын хөгжлийг дэмжих зорилготой орчин үеийн залуусын хөгжлийн төв, сургууль, цэцэрлэгийн цогц бүтээн байгуулалтуудыг хийж байжээ.
Түүнчлэн хүүхэд багачуудыг нийгмийн харилцаанд бэлтгэх, сэтгэл хөдлөлөө удирдах, ёс зүйн төлөвшил олгоход чиглэсэн олон улсын SEE Learning (Social, Emotional, Ethical Learning) хөтөлбөрийг Монгол Улсад анх нэвтэрсэн цагаас нь эхлэн дэмжиж, 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.
Үүнээс гадна, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хандивлах зэргээр хүүхдийн хөгжил, эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд бодит үр дүнгээ өгсөн олон томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
НҮБ-ын Хүүхдийн Сан нь хүүхэд бүрийн эсэн мэнд амьдрах, боловсрол эзэмших, оролцох ба хамгаалагдах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Хамтрагч, түншүүдийнхээ хамт бид 190 улс орон, нутаг дэвсгэр дээр бүх хүүхдийн тусын тулд энэ амлалтыг бодит ажил хэрэг болгохоор зорин, хамгийн эмзэг, гадуурхагдсан хүүхдүүдэд хүрч ажиллахаар онцгой хүчин чармайлт гарган ажилладаг билээ.