
Салхи, шороо тавьсан говийн хавар. Улаанбаатараас 553 км замыг туулж, Өмнийн говьд ирлээ. Одоогоос яг дөрвөн жилийн өмнө утасны наана цаанаас ярьж байсан хоёр энд уулзав. Тэгэхэд тэр цэцэрлэгийн сурагч, би харин их сургуулиа төгсөөд удаагүй шинэхэн сэтгүүлч байлаа. “Би дуучин болохыг мөрөөддөг” хэмээн ярьж байсан охин одоо 10 настай, дөрөвдүгээр ангийн “том эгч” болжээ.
“Монголжингийнх хаана вэ” гэж асуувал таарсан болгон зааж өгч мэдэх бололтой шүү. Арга ч үгүй биз дээ, Монголын 3 сая дахь иргэн гэдэг тодотгол Монголжин гэдэг нэр нь түүнийг хэдий нь хэн бүхний танил болгожээ. Монголчуудын “танилын хүн” Х.Монголжинг Өрөг.мн “Хөрөг” нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт урьж оролцууллаа.
Яриа эхлэхийн өмнө бяцхан түүх сануулах нь: 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08:27 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нар анхны үрээ өлгийдөн авсан юм. Тэд дөрөв хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 28-нд Монголын 3 сая дахь хүүхдийн аав, ээж болсон гэдгээ мэдсэн байна. Эл баярт мэдээний дараа Монгол Улсын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж тэдэнтэй утсаар холбогдож, 3 сая дахь иргэнд Монголжин гэдэг нэр хайрласан гэдэг. Харин Х.Монголжингийн дүүг Х.Мандахнаран гэнэ. Тэд нэг насны зөрүүтэй.
-ЭМОРОХ ЗАВГҮЙ ЭЭ…-
Бидний яриа “Эморох завгүй байна өө” гэх яриагаар эхлэв. Х.Монголжин хичээлдээ шамдан суралцахын хажуугаар бүжиглэнэ, дуулна, зурна. Аймгийнхаа Хүүхдийн ордны “Гэрэлт ирээдүй” бүжгийн хамтлагийн гишүүн гэнэ. Саяхан ОХУ-д болсон Хүүхдийн урлагийн их наадамд оролцоод ганзага дүүрэн ирцгээжээ. Монгол бүжгийн төрөлд алт, чөлөөт бүжгийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Энэ олон сонирхлынхоо алийг нь ч гээхгүй бүжиглэнэ чиг, дуулан чиг, хувцасныхаа дизайныг өөрөө гаргана чиг хэмээнэ.
Улаанбаатарт ирэхээрээ А.Чамин-Эрдэнэ буюу Чами, дуучин Г.Даваадалай нартай уулзаж үзэхийг хүсдэг. Бас “Авьяаслаг монголчууд”, “Ододтой бүжиглэе”-д орж үзэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Түүний хувьд тэмдэглэлийн дэвтрийн цуглуулгатай. Бараг 25 гаруй тэмдэглэлийн дэвтэртэй. Түүн дээрээ зураг зурж, юм бичих дуртай юм байна. Өмнөговьдоо ерөнхий боловсрол эзэмшээд гадаад явж суралцахаар төлөвлөж буйгаа нуусангүй.
“Анх ургамал судалъя гэж боддог байсан ч жаахан уйтгартай санагдсан. Таныг харсан чинь сэтгүүлч болмоор санагдаж байна” гэж ярих. Юу сонирхлыг нь татаж, юунд сэтгэлээ өгөхийг нь цаг хугацаа удахгүй хэлнэ биз ээ.
-НЭРИЙГ ЧИНЬ ХЭН ӨГСНИЙГ МЭДЭХ ҮҮ?-
Өдгөө хүн амын мэдээллийн санд Монголжин нэртэй 509 хүн байна. Жилд 30 дотор л тоологддог байсан энэ нэр 3 сая дахь иргэнд Х.Монголжин гэж нэр өгсөн тэр цагаас хойш 60 дотор тоологдох болжээ. Энэ онд гэхэд дөрвөн аав, ээж хүүхдэдээ Монголжин нэр хайрлажээ.
Түүнээс нэрийг нь хэн өгч байсныг мэдэх эсэхийг асуухад “Ерөнхийлөгч өгч байсан гэсэн. Хэн билээ дээ байз, нэрийг нь марчихжээ. Нэрдээ их дуртай.”
Гадаа гудамжинд эсвэл дэлгүүрт, хот хүрээ ороод тэмцээн уралдаанд оролцож байхад хүмүүс таниад, олон юм асуух үе бишгүй. Зэрэг, зэрэг олон юм асуухаар яг алинд нь хариулахаа мэдэхгүй жаахан сандардаг гэнэ.
-АНГИЙН ДАРГА-
Х.Монголжинг ээж, дүү нь Монголоо, Монголжин гэж дуудна. Харин ангийнхан нь Можи гэж байх юм. Ангийн дарга тэрбээр хичээл эхлэхийн өмнө жижигхэн сагс бариад л алхах нь тэр. Ангийнхан нь тийш гар утасныхаа дууг хаагаад хийж байна шүү. Хичээл дээрээ огт утас оролддоггүй. Багшийн ширээн дээр буй тэр жижигхэн сагснаас тарахдаа л цөм утсаа авдаг гэнэ.
Түүний хувьд аймгийнхаа 3-р сургуульд суралцдаг байжээ. Харин сарын өмнөөс аймагт нь шинээр ашиглалтад орсон 1200 хүүхдийн багтаамжтай 6-р сургуульд дүүтэйгээ хамт суралцаж буй аж. Шинэ сургууль, шинэ орчин, шинэ хүрээлэл дунд ирээд л ангийн даргаар сонгогдсон нь түүнийг хэр адтай, сэргэлэн, сурлагатай охин гэдгийг нь хэлээд өгч байгаа хэрэг.
Тэрбээр “Дүүтэйгээ нэг сургуульд явах гоё. Манай дүү үдийн цайндаа түрүүлж орчхоод дээд давхрын шатнаас эгээ гэж дууддаг. Дүү бид хоёр улам шамдан суралцаж, ээжийнхээ ачийг эрдэм номтой хүн болж хариулна аа” гэв.
-БАЯРЫН ӨДӨР-
Багш, сурагчид нааш цааш, дээш доош гүйлдэцгээнэ. Хоёр давхрын хаалга нь онгорхой ангиар шагайвал бие биеийнхээ үс гэзгийг янзалж, оо энгэсэг түрхэж буй сурагч дүүрэн. Энэ өдөр бол /2025.04.22/ тэдний баярын өдөр. Шинэ сургуультай болсон тэд урлагийн тоглолтоор эцэг эхчүүддээ бэлэг барихаар бэлджээ. Х.Монголжин дуу дуулахаар бэлдсэн гэнэ. Өглөө эртлэн босож ээжээрээ үсээ язлуулаад, нүүрээ өөрөө гооджээ. Харин биднийг дотогш ороход хамгийн сайн найз Т.Анхилууныхаа нүүрийг будаж өгч байлаа.
Энэ сургуулийг хэн барьсан юм бол гэж асуухад хүүхдүүд “Барилгачид…, Оюу толгой…” хэмээн ам уралдан хэлж байна.
Монголын 3 сая дахь иргэн Х.Монголжин өнөөдөр “Оюу толгой” компанийн Өмнөговь аймагт байгуулсан сургуульд суралцаж байна. Энэ бол орон нутгийн боловсролыг дэмжих хөрөнгө оруулалт үр дүнгээ өгч буйг илтгэх нэгэн тод жишээ юм.
Түүний ээж Г.Аззаяа “Өмнөговь аймгийн төвд ийм сайхан сургууль барьж өгч, хүүхэд багачуудын суралцах орчныг бүрдүүлж өгсөн “Боловсролыг дэмжигч Оюутолгой компанид талархал илэрхийлье” хэмээн хэлснийг үүгээр уламжилж байна.