
Гадаад валютын албан нөөц 2024 оны эцэст түүхэн дээд хэмжээнд хүрч нэмэгдсэнийг та бид мэднэ.
Гэвч он гарснаар хөгжингүй улс орнуудын гадаад худалдааны нөхцөл байдал, түүнээс үүссэн тодорхой бус байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ, тэр дундаа нүүрсний үнэд нөлөөлж, улмаар Монгол улсад богино хугацаанд валютын орох, гарах урсгалд зөрүү үүсгэсэн.
Сангийн яам, Монголбанкны зүгээс гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч улсын нөөц 5.0 тэрбум ам.доллар орчимд хадгалагдаж байна.
Энэ нь валютын төлбөртэй барааны импортоор илэрхийлэгдсэн дүнгээр тооцвол олон улсын жишиг доод түвшнээс харьцангуй өндөр үзүүлэлт аж.
Иймд, Монголбанкны зүгээс 2025 оны эхний улиралд гарсан энэ эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүүг арилгах, мөн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог саадгүй явуулах зорилгоор валютын дуудлага худалдааг тогтмол зохион байгуулж ажиллаж байна.
Тухайлбал, хамгийн сүүлд буюу 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаанд банкнуудаас ирүүлсэн 113.5 сая ам.доллар худалдан авах саналыг Монголбанк 100 хувь биелүүлжээ.
Түүнчлэн, бэлэн валютын захын эргэлт нь валютын захын нийт эргэлтийн 5-аас бага хувийг эзэлдэг боловч бэлэн валютын зах дээр эрэлт өссөн нь бэлэн валютын ханшийн зөрүү өсөхөд нөлөөлсөн байна.
Ханшийн зохиомол өсөлтийг Найман шарга арилжааны төв дээр үүсгэж буй эсэхийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан шалгалт хийж эхэлжээ.
Цаашид, дэлхийн зах зээл дэх алт зэсийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж, хөрөнгө оруулалт нэмэгдэхээр байна. Одоогийн байдлаар дэлхийн зах зээл дэх алтны үнэ оны эхнээс 30 орчим хувиар, зэсийн үнэ 10 орчим хувиар тус тус өссөн байна.
Мөн 2025 оны 2 дугаар улирлаас эхлэн уул уурхайн салбарын идэвхжил нэмэгдэх, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал өсөх, Монгол улсын хувьд 2026 оны 4 дүгээр сар хүртэл төлөгдөхөөр хүлээгдэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй зэргээс шалтгаалан төлбөрийн тэнцлийн алдагдал буурах, ингэснээр валютын захын эрэлт саарч, валютын ханш тогтворжино гэх хүлээлттэй байна.