
В.Путин одоогийн фронтын шугамыг царцаахыг санал болгожээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткоффтой Санкт-Петербург хотноо хийсэн уулзалтынхаа үеэр одоогийн фронтын шугамыг царцааснаар дайныг дуусгах санал гаргасан тухай Financial Times сонинд бичжээ. Түүнчлэн эх сурвалжуудын мэдээлснээр В.Путин ОХУ-д эзлэгдсэн бүс нутгуудаас татгалзаж ч магадгүй хэмээн мэдэгдсэн нь ОХУ-Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын төрийн тэргүүн анх удаагаа хэт том зүйлс шаардахаасаа татгалзсан явдал болж байгааг Financial Times онцолжээ.
Нөгөө талаас Европын эрх баригчид В.Путины буулт хийж байгаа мэт энэхүү үйлдэл нь Д.Трампыг ОХУ-ын бусад бүх шаардлагуудыг хүлээн зөвшөөрүүлэх нэг төрлийн “өгөөш” хэмээн үзэж байгаа аж. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн мэдээлснээр энэ сарын 23-нд Лондон хотод АНУ, Украин болон Европын төлөөлөгчид уулзаж, ОХУ-Украины асуудлыг хэлэлцэх аж. Bloomberg агентлагийн мэдээгээр Вашингтоны талаас тус уулзалтанд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай төлөөлөгч Стив Уиткофф, Кит Келлог нар оролцох аж.
Уулзалтын үеэр Вашингтон Крымийн хойгийг ОХУ-ын газар нутаг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөх, фронтын одоогийн шугамыг царцааж, ОХУ-ын эсрэг зарим хориг арга хэмжээг цуцалсны хариуд Москва Украинд явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоох санал тавихаар төлөвлөж буй талаар The Washington Post болон Bloomberg агентлаг мэдээлжээ. Нөгөө талаас Украины Ерөнхийлөгч В.Зеленский Крымийн хойгийг ОХУ-ын газар нутаг гэж хүлээн зөвшөөрөх хууль эрх зүйн үндэс байхгүй хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр Крымийн хойг болон ОХУ-ын хяналтад байгаа өөр бусад бүс нутгуудын асуудал нь дайныг улам сунжруулах аж.