
Ц.Сандаг-Очироор ахлуулсан дөрвөн намын төлөөлөл Сонгуулийн хуульд “гар хүрч” буй.
Эргэн сануулбал, УИХ-ын гишүүн сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө гишүүд тайлан нэрээр сонин, сэтгүүл тарааж, уулзалт хийж буй нь Үндсэн хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчиж байна гэж ҮХЦ дүгнээд, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41.9, 44.6 дахь заалтыг түдгэлзүүлсэн байдаг. ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж авч, дээрх хоёр заалтыг өөрчлөхөөр болсон. Сонгуулийн хуулийн холбогдох хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсэгт Ц.Сандаг-Очир, Б.Батбаатар, О.Номинчимэг, Г.Уянгахишиг, Ө.Шижир нар багтсан байдаг.
Өчигдөр (2025.04.17)-ийн үдээс хойших чуулганы хуралдаан дээр Ц.Сандаг-Очир гишүүн хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг танилцуулж, улмаар гишүүд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Ц.Сандаг-Очироор ахлуулсан ажлын хэсгийн гишүүд:
- Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41.9 дэх хэсгийг хүчингүй болгох,
- Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 44.6 дахь хэсгийг нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор уулзалт зохион байгуулах нь аливаа этгээдэд нээлттэй байхаар өөрчлөх хуулийн төслийг боловсруулжээ.
Товчхондоо бол, тэд сонгогчдын саналыг татах зорилгоор АЖЛЫН ТАЙЛАН БУЮУ ХЭВЛЭМЭЛ МАТЕРИАЛ ТАРААХЫГ ХОРИГЛОЖЭЭ. Гэвч НЭР ДЭВШИЖ БУЙ ХЭН БЭЭР Ч АЖЛЫН ТАЙЛАНГАА ЯРИАД, УУЛЗАЛТ ХИЙЖ БОЛНО гэж хуулийн төсөлдөө заажээ. Хуулийн төсөлд дурдсан “аливаа этгээд”-д Улсын Их Хурлын гишүүн та ч орно шүү дээ, ичиг ичиг. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн 18 хоногтоо л цаасан материал тарааж болно. Түүнээс өмнө бол нэр дэвших л бол өөрийгөө яриад явж болох нь ээ. Тэр хүнийг ажлын тайлангаа яг танилцуулаад явж байна уу, намайг сонгоорой гээд өөрийгөө сурталчлаад яриад явж байна уу гэдэг дээр хэн хяналт тавих юм бэ. Хүчингүй болговол хоёулыг нь л хүчингүй болго. Өөрсдөд нь ашигтай хуулийн заалт болохоор тэр чигт нь “баллуурдаж” чадахгүй байгаа бололтой.
Ажлын хэсгээс гаргасан дээрх саналаар санал хураалт өнөөдрийн чуулганы хуралдаанаар явуулах юм байна. Тайлангаа яриад явж болно гээд баталчихвал ёстой еэ еэ бөөвөө шүү гишүүдээ. Нарийн нюанстай олигтойхон өөрчлөлт боловсруулаад ороод ирж чадахгүй ажлын хэсгийн гишүүд ч гэсэн еэ еэ бөөвөө шүү.