
Монгол Улсын Их Хурлын даргын санаачилсан “Бонд форум-2025” арга хэмжээ өнөөдөр /2025.04.17/ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулсан юм.
Бондын зах зээлийн ач холбогдлыг сурталчлан, иргэд, олон нийт болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг бонд гаргах замаар санхүүжилт татах сонирхлыг дэмжих зорилготой форумын үйл ажиллагааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж хэллээ. Тэрбээр, эдийн засгийн тэлэлт, шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгааг онцлон тэмдэглэсэн.
Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс санхүүгийн олон тулгуурт зах зээлийг хөгжүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг УИХ дарга дурдаад, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, идэвхийг дээшлүүлэх, оролцогчдын ойлголцол зөвшилцлийн үр дүнд бий болох санал санаачилгыг парламент дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв.
УИХ-ын дарга чуулганаар хэлэлцэж буй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, нийгэм, эдийн засгийн тулгамдсан, цаг үеийн шийдэл хүлээгдсэн асуудлаар эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж буй 60 гаруй ажлын хэсгийн талаар мэдээлэл танилцуулж, Улсын Их Хурал, Засгийн газар, яамд, салбарын эрх ашгийг хөндсөн чухал асуудалд оролцогч талуудын саналыг сонсож, тухайн шийдвэрийг гаргадаг эрх зүйн орчныг бий болгох зорилго тавьж буйг дурдаад форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
2024 онд үнэт цаасны арилжаа 1.58 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2 дахин нэмэгдсэн бөгөөд үүнээс 57.8 хувийг компанийн бонд, 22.7 хувийг хувьцаа, 13.0 хувийг хөрөнгийн биржийн үнэт цаас, 6.5 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа тус тус эзэлсэн байгаа нь дотоодын компаниудын бондын зах зээлд оролцох идэвх оролцоо эрс өсөж байгааг харуулсан байна.
Манай улсын хувьд анхны компанийн бонд 2001 онд гарч байсан түүхтэй бөгөөд үүнээс хойших хугацаанд бондын зах зээлээр дамжуулан татсан санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж, ногоон бонд, санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон бонд, нийслэлийн бондууд гарч, бондын төрөл, тоо, ширхэг нэмэгдэж байгаа нь сайшаалтай үзүүлэлт гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга тодотгов.
Банкны шалгуур, санхүүжилтийн өртөг өсөж буй энэ цаг үед зээлийн санхүүжилтийг орлох хувилбар нь бонд гаргах явдал юм хэмээгээд, Санхүүгийн зохицуулах хорооноос өөрийн тодорхой журамд өөрчлөлт оруулан Топ-100 аж ахуйн нэгжид бонд гаргахад хөнгөлөлттэй нөхцөл тавьж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ аж.
Форумын үеэр Монгол Улсын бондын зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн бодлого, зохицуулалт, олон улсын бондын зах зээлийн чиг хандлага ба Монгол Улсад нэвтрүүлэх боломж, бондод санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгох ач холбогдол, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлж, жишиг хүү тогтоох ач холбогдол зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Монгол Улсын бондын зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн бодлого, зохицуулалт сэлдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг нар оролцсон юм.
Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын хөрөнгийн бирж болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран Топ-100 аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд оролцуулах, үнэт цаас гаргах үйл ажиллагааг дэмжих, хялбаршуулах чиглэлээр “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгуулсан нь юм. Энэхүү форумын үр дүнд бондын зах зээлд оролцох хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, иргэдийн ойлголт сайжирч, аж ахуйн нэгжүүд бонд гаргах замаар санхүүжилтийн зардлаа бууруулах, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, цаашлаад зээлийн хүүг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж зохион байгуулагчид дүгнэсэн юм. Мөн тус “Бонд форум-2025” нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсан, өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.