
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр (2025.04.15) Баянбүрдийн тойргийн орчимд ажиллах үеэрээ Хятадын хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 1008 айлын орон сууцыг борлуулж, гэр хорооллын газрыг худалдан авах замаар орон сууцжуулах ажлыг хийнэ гэж мэдэгдлээ.
Одоогоор нийслэлээс газар эзэмшигч нартай зөвшилцсөнөөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог явах зам дагуу нүүрний эгнээнд байрлаж байсан хоёрдогч түүхий эд худалдан авч борлуулдаг байсан цэгүүдийг чөлөөлжээ.
Энэхүү чөлөөлөгдсөн газарт бүтээн байгуулалт хийнэ гэж мэдэгдлээ.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Төв талбайгаас нэг км зайд хоёрдогч түүхий эд авдаг, мөн дугуй засвар, тос тосолгоо хийдэг газрууд бий. Нийтийн эзэмшлийн зам талбайд түүхий эд аваад, тос асгаж байдаг. Энэ бол Улаанбаатар хотын төлөвлөлт биш. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ онд хэсэгчилсэн байдлаар 40 гаруй байршилд газар чөлөөлөхөөр төлөвлөсөн. Зөвшилцлийн хүрээнд хэлцлүүд хийгдэж, энэ газрыг чөлөөлөөд байна.
Чөлөөлөгдсөн газрыг бид инженерийн шугам сүлжээтэй нь хамт барилгын компаниудад санал болгоно. Чөлөөлөгдсөн газар барилгын компани орон сууц барьж, түүнээсээ 15-20 хувийг нь газрын нөхөн төлбөрт нийслэлд өгнө.
Нийслэл уг байрыг Нийслэлийн орон сууцны корпораци (НОСК) -аар дамжуулан борлуулж, төлбөрийг нь газрын сан бүрдүүлэхэд ашиглана.
Тухайлбал, 1008 айлын орон сууцыг НОСК-аар дамжуулан худалдан борлуулж, Дэнжийн мянгын гэр хорооллын айлын газрыг худалдан авах сан бүрдүүлж ажиллана. “Хашаандаа сайхан амьдаръя” гэдэг уриалга бодит амьдралтай нийцэхгүй. Хашаандаа сайхан амьдарна гэхээр гал түлнэ, инженерийн шугам сүлжээ байхгүй тул хөрс бохирдуулна. Тэгэхээр бид чөлөөлөгдөж байгаа газруудыг барилгын компанид өрсөлдүүлж өгнө.
Барилгын компани барьсан орон сууцныхаа ашигтай талбайнхаа 20 хүртэл хувийг НОСК д өгч, борлуулсан мөнгөөрөө гэр хорооллын газрыг худалдан авах схемд шилжсэн.
Эрх зүйн орчин бүрдсэн. Энэ жилийн тухайд Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэд, хэдэн байршилд газар чөлөөлөлт хийнэ.
1008 айлын орон сууцан дээр ирэх зургадугаар сард Улсын комисс ажиллана. Үүний дараа худалдан борлуулах ажил эхэлнэ” гэлээ.