
АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф Вашингтон хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевтэй уулзсаныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад Кремлийн байр суурийг танилцуулсан байна.
Тодруулбал ОХУ нь Украины дөрвөн мужийг хяналтандаа авах хүсэлтэйгээ илэрхийлсэн ба уг нөхцлийг биелүүлсэн тохиолдолд ОХУ Украинтай хийх энхийн хэлэлцээгээ түргэвчлүүлэх боломжтой гэжээ.
Нөгөө талаас АНУ-ын Д. Трампын Украины асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч Кит Келлог ОХУ-ын тавьсан нөхцлийг эсэргүүцэж байгаа аж. Түүний мэдэгдсэнээр Украин улс тэдгээр 4 мужтай холбоотой зарим нэг нөхцлийг зөвшөөрөхөд бэлэн байгаа ч тэдгээр 4 мужаа бүгдийг нь ОХУ-ын хяналтанд өгөхийг хэзээ ч зөвшөөрөхгүй аж.
Reuters агентлаг Ерөнхийлөгч Д. Трампын засаг захиргааныхны дунд ОХУ Украин дахь дайнаа зогсоох тал дээр тавиад буй нөхцлийн талаар санал зөрөлдөх явдал нэмэгдээд буйг онцолж, Бүгд Найрамдах намын зарим гишүүд С. Уиткофф уг асуудал дээр ОХУ-ын талд хэтэрхий их орж байна хэмээн буруушааж байгаа аж.
ОХУ-Украины дайны асуудлаар В. Путины тусгай төлөөлөгч К. Дмитриев 4-р сарын эхээр Вашингтонд айлчилсан бол С. Уиткофф сүүлийн 2 сарын хугацаанд ОХУ-д 3 ч удаа айлчилсан юм. Хамгийн сүүлд өнгөрсөн баасан гарагт тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтай Санкт-Петербург хотноо уулзаж, 4 цаг орчим ярилцсан байна.