
Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон түүний гишүүн 22 байгууллагын 6000 гаруй ажилтан 2026-2027 оны салбарын хамтын хэлэлцээрийн цалин хөлсний бүлгийн зарчмын зөрүүтэй саналууд дээр тохиролцоонд хүрээгүйн улмаас энэ оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагаас ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдээд байсан.
Харин зургаадугаар сарын 29-нд болсон хэвлэлийн хурлын дараа Эрчим хүчний яамнаас үйлдвэрчний эвлэлд хандан хэлэлцээ үргэлжлүүлэх санал тавьж, ажил олгогч болон холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй хэлэлцээр хийжээ.
Хэлэлцээрийн үеэр үйлдвэрчний эвлэлээс тавьсан цалин 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Эрчим хүчний яам зарчмын хувьд хүлээн авч, цалингийн санг үе шаттайгаар нэмэгдүүлэх санал гаргасан байна. Тодруулбал, 2026 оны долоодугаар сарын 1-нээс 10 хувь, аравдугаар сарын 1-нээс таван хувь, 2027 оны долоодугаар сарын 1-нээс 10 хувь, мөн оны аравдугаар сарын 1-нээс таван хувиар тус тус нэмэгдүүлснээр нийт 30 хувийн өсөлтийг хэрэгжүүлэхээр санал болгожээ.
Уг саналыг үйлдвэрчний эвлэлийн тал хүлээн авч, ажил хаялтыг долоодугаар сарын 2 хүртэл хойшлуулаад байсан юм.
Улмаар зургаадугаар сарын 30-нд Эрчим хүчний яаманд болсон ээлжит хэлэлцээгээр цалин хөлсний нэмэгдлээс гадна хамтын хэлэлцээрийн бусад 11 заалтын талаар талууд зөвшилцөлд хүрсэн тул ажил хаялтыг бүрэн зогсоох шийдвэр гаргасан байна.
Видео мэдээ үзэх:









