
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп улс орнуудын импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмсэнтэй холбоотойгоор дэлхийн 50 гаруй улс Вашингтонтой худалдааны хэлэлцээ эхлүүлэх хүсэлт гаргасан тухай Ерөнхийлөгч Д.Трампын эдийн засгийн зөвлөх Кевин Хассетт ABC News сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Тэрбээр, “АНУ-ын худалдааны төлөөлөгчийн газраас ирүүлсэн тайланд дурдсанаар, 50 гаруй улс ерөнхийлөгчтэй худалдааны хэлэлцээ хийх хүсэлт гаргасан байна. Импортын татварын нэмэгдэл эдгээр улс орнуудад хүндээр тусахыг мэдэж байгаа учраас хэлэлцээ хийх сонирхолтой байна. Тийм ч учраас импортын татварын нэмэгдэл Америкийн хэрэглэгчдэд сүртэй нөлөө үзүүлнэ гэж бодохгүй байна.” хэмээн мэдэгджээ.
АНУ-д бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг олон арван улс орнуудын импортын татварыг Ерөнхийлөгч Д.Трамд огцом нэмэгдүүлсэн нь АНУ-д автомашин, хувцас, компьютер гээд импортын бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлнө хэмээн олон улсын ажиглагчид үзэж байгаа юм.
Ерөнхийлөгч Д.Трампын хэлсэнээр татварын нэмэгдэл нь АНУ-ын экспортыг шударга бусаар хязгаарлаж, худалдааны их хэмжээний алдагдалд хүргэсэн улс орнуудыг шийтгэж буй нэг хэлбэр аж.
Америкийн бөөний худалдааны томоохон төвүүд юмны үнэ нэмэгдэх нь гарцаагүй хэмээн хэрэглэгчдэдээ анхааруулсан бол Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа импортын татварын нэмэгдлийн эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө тэр дундаа дотоодын үйлдвэрлэл сэргэх, татвараас олох орлого нэмэгдэх зэрэг нь эдийн засгийн богино хугацааны цочролыг дагуулах нь зүйн хэрэг хэмээн онцолжээ.