
Энэ хорвоод хүн бүр өөр өөрийн гэсэн өгөгдөлтэй. Жишээ нь, спортын, урлагийн гэх мэт…
Тэр дотроос өөрт буй өгөгдлөө хөгжүүлж, дэвжээж яваа спортын салбарынхан бахархам. Өргөсөн тангарагтаа үнэнчээр хилийн чанадад улс эх орныхоо нэрийг таниулж, дуурсгаж яваа.
Тамирчдын амжилт, ялалтаар бид бахдан дуулж, омогшин, спортын сайн сайхныг мэдэрдэг. Ийм л онцгой мэдрэмжийг спортын үнэнч хөгжөөн дэмжигч, фанатуудад өгч яваа тэр дундаа өвлийн спортын түүчээ болж буй Цанын спортын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Батмөнхийн Ачбадрахыг “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийнхээ хойморт хүндэтгэн урилаа.

Тэрээр Өвөрхангай аймагт төрсөн бөгөөд багаасаа л цана дээр хөл тавин, энэ л цагаас эхлэн өвлийн спортоор хичээллэжээ. Өвлийн хоёр ч олимпын наадмын цасан замд уралдсан цагаан мөртэй цаначны ертөнцөөр аялуулахыг энэ удаад зорилоо.


-Сайн байна уу? Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсанд нь талархаж байна. 2025 оны нэгдүгээр анхны тэмцээн буюу БНСУ-ын үндэсний АШТ-д амжилттай оролцон, түрүүлсэнд нь баяр хүргэе?
-Сайн байна уу? Өмнө нь 2024 онд тус улсын яг үндэсний аваргын тэмцээнд бас оролцож байсан. Солонгосын үндэсний аварга ерөнхийдөө олон улсын нээлттэй бөгөөд Олон улсын цанын холбооны оноо олгодог зорилгото нээлттэй тэмцээн болдог. Энэ тэмцээнд 5 орны тамирчид өрсөлдөж, өнгөрсөн жил уралдаад 2 мөнгөн медаль авч байсан. Энэ жил очоод алтан медаль авсандаа маш их баяртай байна. Үүний дараа Швейцарын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд очиж оролцоод спринт зайд өрсөлдөж, амжилттай уралдаад ирлээ.
-Цаначдын хувьд А, мөн В зэрэглэлийн тэмцээнд уралддаг. Энэ хоёр зэрэглэлийн ялгааг тайлбарлана уу?
-Энэ жил манай дүү нар эмэгтэй тамирчид маань В зэрэглэлд уралдаад нэг эмэгтэй тамирчин маань А зэрэглэл рүү орж уралдсан. Миний хувьд А зэрэглэлд уралдаж байгаа.


-Саяхан ДАШТ-д оролцсон. Энэ бол өвлийн олимпын өнгө гэсэн үг байх?
-Өмнөх дэлхийн аваргынхаа том амжилтуудаа ер нь сайн ахиулсан. Тэгээд сая 91 оноо авсан. 2026 оны хоёрдугаар сард Италид өвлийн олимпын наадам болно. Тэгэхээр өвлийн олимпын наадмын оноо одоо ахиулах, тэмцээнүүд эхэлчихсэн явж байгаа.
-Олимпод орох эрхийн хувьд ямар шалгуур чансааг одоо тухайн орны тамирчид тавьж байгаа вэ?
-Олимпод орох тамирчдын хувьд 2025 оны дэлхийн аваргад заавал орсон байх шаардлагатай байдаг л даа. Тэр тусмаа В зэрэглэлийн тамирчид бол Олон улсын цанын холбооноон тавьж буй 300-аас дотогш оноо авсан байж олимпын эрх яригддаг. Монгол улсын хувьд олимпын эрх бол авах нь тодорхой. Харин хэдэн тамирчин авсан бэ гэдэг нь ирэх 12 дугаар сард баталгаажиж ирнэ.


-Б.Ачбадрах хэдэн настайгаасаа цанын спортоор хичээллэж эхлэв. Ер нь заавал яагаад цанын спортыг сонгох болов?
-Би чинь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумд төрсөн. Эцэг, эхээс тавуулаа. 10 жилийн сургуульд байхдаа л энэ төрлөөр хичээллэж эхэлсэн. Тэгээд л оюутан болж хотод ирээд, МУБИС-д ороод л цанын спортоо орхилгүй. Ер нь бол миний цаанаас өгөгдсөн өгөгдөл гэх юмуу даа. Би цанын спортод л тохирсон хүн юм билээ.
Аав, ээж хоёр маань намайг багаас минь их дэмждэг байсан. Багаасаа цанаар гулгаад л, аав, ээж хоёр цана надад авч өгөөд, түүнээсээ урамшаад л маш гоё.


-Анх хэдэн настайгаасаа цанын спортоор хичээллэж эхлэв?
-2007 оноос л өсвөрийн УАШТ-д анх жаахан хүүхэд байхдаа оролцож байлаа. Тухайн үед анх хажуу айлынхаа ахыг дагаад л хөл тавьсан даа. Аав маань хананы модоор цана анх хийж өгөөд л, тэрэн дээрээ гулгаж эхэлсэн./инээв/ Анхны тэмцээн өсвөрийн УАШТ байсан. Тэр тэмцээнд багш Баярдэлгэрийн удирдлага дор оролцож байлаа. Жаахан хүүхэд байсан болохоор багш намайг бас хөлдчихнө гээд л санаа зовоостой.
Ингээд тасралтгүй хичээллэсээр Батдорж багш дээр ирээд бэлтгэлээ хийж байгаад л улсын аваргад оролцон, 4-р байр эзлээд энэ багшийнхаа удирдлага дор Дэд мастерын болзол хангаж байсан. Тэр үед анхны амжилт, анхны цол зэргээ аваад л маш их баярлаж байлаа. Бүүр илүү урамшаад, илүү их амжилт үзүүлнэ дээ гэж бодоод л…
Эндээс эхлээд л бэлтгэлээ тууштай хийсэн. Анхны медаль энэ Скай резорт цанын бааз дээр болсон насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль авч билээ. Тэр амжилт, медаль дурсамж болон үлдэж, ерөөс санаанаас гардаггүй юм./инээв/


-Ер нь спортын төрлүүд тэр дундаа цана бол хэрэглэл, материал маш их шаардагддаг. Нэг ёсондоо зардал өндөртэй байх?
-Хэрэглэл материал маш өндөр. Нэг цаначин ганц цана хөлдөө углахгүй. Цана, нүдний шил, цанын тос, тосолгоо за тэр дотроо таяг маш сайн чанартай байх ёстой. Ингээд аваад үзэхлээр таяг маш өндөр үнэтэй байдаг. Тэгээд хэрэглэл материал өндөртэй гээд л дундаас нь орхиод, шанатрч болохгүй.
-Цанын спорт Ачбадрахын амьдралын чухал хэсэг байх. Ер нь энэ спортоос авдаг хамгийн сайхан мэдрэмжийг хэрхэн илэрхийлэх вэ?
-Одоо миний хоёр дахь амьдрал л болчихлоо шүү дээ. Тэгээд ерөөсөө л байнгын бэлтгэлээ хийхгүй бол байж ядаад л байдаг. Би цасан дээр гарахаараа л маш гоё аз жаргалтай байдаг даа.
Цасан цагаан замд уралдана гэдэг чинь мөн ч гоё шүү дээ. Тухайн уралдаандаа амжилт үзүүлчихвэл бүүр гоё байдаг. Ер нь манай цаначдыг сүүн замтай, цагаан мөртэй хэмээн бэлгэшээж ярьдаг. Энэ ч утгаараа цанын спорт бол үнэхээр сайхан төрөл шүү дээ.
Бэлтгэлээ хийхээр бүх юмаа мартаад л, хааяа нөгөө хүчтэй гоё уруудаж барихаараа гоё, тэрнээсээ кайф аваад л сайхан байдаг даа.


-Энэ спортын тамирчин хүнд өгдөг эерэг, сайхан тал юу вэ?
-Ах нараасаа маш их зүйл сурсан. Одоо дүү нартаа бага сага юм заагаад л тэгээд л зөв явахыг л боддог юм шүү дээ. Зөв зүйл заагаад өгчихвөл энэ залуучуудад бас хэрэгтэй юм болов уу. Аль болох дүү нартаа зөв юм хэлээд л тэгээд л явж байдаг. Цана бол хүмүүжлийг зөв олгож өгч байна.
-Олон улсын цанын холбоо буюу PIS чансаа оноо гэдгийг ойлгомжтой байдлаар товчхон тайлбарлан мэдээлэл өгөөч?
-Өвлийн олимпт орохын тулд PIS оноо заасан. Тухайн оноо нь 300-аас дотогш байж Олимпын оноо яригдана. 120-оос доош эмэгтэй тамирчид дэлхийн цомын уралдаанд гарах эрхтэй байдаг. 100-аас дотогш оноотой байж эрэгтэй тамирчид дэлхийн цомд тэр дотроо А зэрэглэлд уралдах эрхтэй гэж үздэг болчихсон. Хамгийн гол нь аль ч тэмцээнд оролцсон бай тэргүүлэгчтэйгээ ойрхон уралдаж байж оноогоо авна аа л гэсэн үг.
Дэлхийн аваргад болохоороо 990-ээс дотогш оноотой тамирчид Дэлхийн аваргад оролцох эрхтэй гэж заадаг.


-Одоо Цанын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд хэдэн тамирчин харьяалагдаж байгаа вэ?
-Гүйлтийн цанын багт 7 тамирчин бий. Э.Ариунтунгалаг, А.Энхтуул, А.Номин-Эрдэнэ, тэгээд Ариунболд, Отгонлхагва, А.Хүслэн тэгээд би. Бид нар Д.Баттулга багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаадаг.


-Та бүхний цаашдын тэмцээн уралдаа, мөн ирэх онд Итали улсад болох өвлийн олимпын наадамд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Ямар ч байсан амжилт, ялалт үзүүлсэн ч гэсэн би гээд хөөрөөд, сахилга батаа алдаад байлгүй, нэг амжилтандаа ханаад, биеэ тоосон зан, харилцаа үйлдэл гаргахгүйг хичээж явдаг даа. Зөв л хүн байж, дараа хойч үедээ, залуу дүү нартаа спортын сайн сахилга бат, эерэг үлгэрлэл дуурайллаар сайнаар нөлөөлж явахыг л бодож, хэрэгжүүлж явдаг даа.
Ярилцсанд баярлалаа.

