
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Дани улс Гренландыг БНХАУ болон ОХУ-ын халдлагад өртөх эрсдлээс хамгаалах тал дээр хангалттай арга хэмжээ аваагүй хэмээн буруутгаж, гренландчуудыг АНУ-тай гэрээ хийж, хамтран ажиллахыг уриалжээ.
Тэрээр гэргийтэйгээ Гренландад хийсэн айлчлалынхаа үеэр нийслэл Нуук хотоос 1500 км зайд байрлах АНУ-ын сансрын Питуффик баазаар зочлохдоо Гренландыг сүүлийн 300 гаруй жилийн турш эзэмшиж буй Дани улс өөртөө засах эрх бүхий Гренланд улсын аюулгүй байдалд хангалттай хөрөнгө оруулалт хийгээгүй хэмээн мэдэгджээ.
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Вашингтон Гренландыг Дани улсаас авахын тулд цэрэг зэвсгийн хүч ашиглахгүй гэдгийг онцолжээ. Харин оронд нь гренландчуудыг Дани улсаас харилцаагаа таслахыг уриалсан байна. Тэрээр, “Бид Гренландын аюулгүй байдлыг хангахын тулд гэрээ байгуулж, хамтран ажиллаж чадна гэж бодож байна. Гренландчууд АНУ-тай хамтран ажиллахыг сонгох байх гэж найдаж байна. Учир нь АНУ нь Гренландын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хүндэтгэх дэлхий дээрх цорын ганц улс юм.” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Гренландыг хүрээлсэн тэнгис далайд ОХУ, Хятадын хөлөг онгоцнууд тогтмол бүртгэгдэг учраас Гренланд нь дэлхийд энх тайван тогтооход чухал ач холбогдолтойг онцолж, “Олон улсын аюулгүй байдлыг хангахад бидэнд Гренланд хэрэгтэй.” хэмээн мэдэгджээ. Нөгөө талаас гренландчуудын дийлэнх нь АНУ-д нэгдэхийн эсрэг үзэл бодолтой байгаа ба Гренландын Ерөнхий сайд Жэй Ди Вэнс уг айлчлалаараа гренландчуудыг үл хүндэтгэсэн хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: bbc.com