
Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Тагтаа нэрээрээ олонд танигдсан жүжигчин Сүхболд оролцлоо. Хөдөлмөрийн гараагаа Нарантуул зах дээр наймаа хийж эхлүүлсэн тэр хүүхэд байхдаа дэлгэцээр л хардаг байсан олон улсын кино жүжигчидтэй нэг уран бүтээлд ажиллаж, мөрөөдөлдөө хүрэхээр алхам алхмаар урагшилж байгаа тухайгаа хуваалцлаа.
ХОНОГИЙН ХООЛОО ТАСЛАХГҮЙГЭЭР АМЬДРАХ ЁСТОЙ ГЭЖ ШИЙДСЭН
-Жүжигчний гараагаа эхлэхдээ том сонголттой нүүр тулсан юм билээ. Энэ талаараа манай уншигчдад яриач?
Яг 10 жилээ төгсөхийн өмнөх зун ээжийн бие нь өвдөөд, бөөрний хорт хавдар гэдэг онош сонссон. Энэ мэдээг сонсоод манай гэр бүлийнхэн үнэхээр цочирдож байгаа юм. Ээж тэгэхэд шууд л сэтгэл санаагаар их унаж байлаа. Би сургуулиа яг төгсчихсөн байдаг. СУИС-д орох уу, ээжийгээ асрах уу гэдэг сонголт дээр ирсэн. СУИС-даа орлоо гэхэд, мэдээж төлбөрийн асуудал яригдана шүү дээ. Хамгийн гол нь ээж өвдчихсөн учраас наймаагаа хийх, Нарантуул дээр гутал зарах хэрэгтэй болсон юм. Яах вэ гээд л бодсон доо. Тухайн үед бол хүнд цохилт болж байсан. Тэгээд л ээжийнхээ ажлыг эвтэйхэн үргэлжлүүлээд, хоногийн хоолоо таслахгүйгээр амьдрах ёстой гэж шийдсэн.
-Тэр үедээ олон жил гадаа зогсож наймаа хийсэн ээжийгээ илүү ойлгосон болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Зах дээр сууж байхдаа ээжийг ямар их тэсвэр тэвчээр гаргаж гэр бүл, хүүхдүүдээ хоолтой, ундтай байлгадаг байсан юм бэ гэдгийг мэдэрч, ойлгож байсан. Өвөлдөө маш хүйтэн шүү дээ. Ээж минь хааяа хэлдэг байсан л даа. Халуунд халж, хүйтэнд хөрж гээд ярина. Тэр болгонд нь нэг их ойлгохгүй, зүгээр л байдаг үг гэсэн шүү юм бодоод өнгөрдөг байсандаа харамссан.
НАРАНТУУЛ НАДАД ИХ ЗҮЙЛИЙГ ОЙЛГУУЛСАН
Одоо ч зах дээр наймаа хийж амьдралаа залгуулдаг, амьдралаа бий болгосон олон аав, ээж байгаа. Манай ээж бүр зургаан давхар өмдтэй явдаг байсан. Эсгий гуталтай олон давхар өмд өмсөхөөр алхаж болохгүй хэцүү юм билээ. Би даараад л очоод, бөгсөн биеэ эсгийгээр ороогоод суудаг. Тэгж л тэр өвлийг дагасан. Нэг өдөр Зүүн салаанаас Нарантуулын микрод суусан чинь намайг кондуктор нь “ах аа хойноосоо мөнгөө явуулчих” гээд хэлж байгаа юм. Уг нь тэр хүн бараг манай аавын үеийн л ах байсан. Дөнгөж 18-тай залуу аав шиг ээ хүнээр ах аа гэж дуудуултлаа л овортой харагдсан байгаа юм. Зузаан хувцаслаад, бөөрөнхий болчихоор энэ настай хүн байна аа л гэж бодсон байх. Маск ороолтоор өөрийгөө битүүлээд хаачихсан. Нарантуул надад их зүйлийг ойлгуулсан. Наймааны дөртэй ч болгосон.
ХҮҮГЭЭРЭЭ БАХАРХАЖ ЯВААСАЙ ГЭЖ БИ ИХ ХИЧЭЭЖ АМЬДАРДАГ
-Одоо ээжийнх нь биеийн байдал хэр байгаа вэ?
-Ээж маань зургаан сар тус тутам эмнэлэгт үзүүлдэг байсан тулдаа хоёрдугаар шатнаас нь мэдэж авсан байгаа юм. Эмчилгээ байхгүй шүү гээд нэг бөөрийг нь мэс аж ажилбараар авсан. Тэр үеийг одоо бодохоор нэг л эвгүй. Нэгдүгээр эмнэлгийн дөрвөн давхар, бөөрний тасагт хагалгаанд орж, нэг бөөрөө авхуулж байсан. Хагалгаа ч амжилттай боллоо. Ээж инээсэн хэрнэ, нулимс нь хоёр талаар нь урсчихсан гараад ирж билээ. Эмч нь араас нь хүний бөөр барьчихсан гараад ирж байгаа юм. “Хорт хавдар нь ийм юм байсан байна аа “гээд л. Тэр нь ундааны таг шиг хар юм байсан. Хүний бөөр ийм том байдаг юм байхдаа гэж би тухайн үед бодож билээ. Нэг бөөргүй гурван жил л амьдрах юм байна даа гээд манай гэрийнхэн бэлтгэлтэй байсан ч алтан гартай эмч нарын ач буянаар ээж маань одоо эрүүл саруул сайхан амьдарч байна.
-Тийм шүү. Ээж, аавын үнэ цэнийг үгээр хэлэх аргагүй. Хүүгээрээ бахархаж яваасай гэж би их хичээж амьдардаг.
-Ингэхэд саяхан кино нээлт нь боллоо. Шинэ уран бүтээлийнхээ талаар яриач?
– In the house 3 УСК-гоо Монгол орон даяар нээгээд, үзэгч дүүрэн, сайхан байна. Нээгээд 17-18 хоногтоо 100 мянга давчихсан үзэгчтэй явж байна. Бид Солонгост 36 хоног зураг авалтаа хийсэн. Их чанга юм билээ. Зураг авалт хийж байхад, кинон дээр хүн барьцаалдаг үзэгдэл байдаг юм. Барьцаалаад л аваад явахад Бусан хотын иргэд нь цонхоор харж байгаад, “энд хүн хулгайлаад байна” гээд л цагдаа нартаа дуудлага өгчихсөн. Яг зураг авалт дундуур бараг 10-20 машин ирээд л, энэ чинь юу болоод байгаа юм бэ гээд л зураг авалт дундуур ороод ирсэн.
МЭРГЭЖИЛДЭЭ ТУУШТАЙ БАЙСНЫ ШАГНАЛАА АВЧ БАЙНА ГЭЖ БОДДОГ
-Дэлгэцээр л хардаг гаднын жүжигчидтэйгээ нэг уран бүтээлд орох сайхан байсан байх. Тийм үү?
-Тийм ээ. Кинон дээр маань, жаахан байхдаа л дэлгэцээр үздэг байсан Амьдралын ээдрээ киноны “Самду”, Солонгосын эсрэг дүрийн 10 шилдэг жүжигчний нэг Юн Жэ Мүн нар тоглосон. Тэр хүмүүстэй нэг уран бүтээлд тоглосондоо маш их баяртай байгаа. Тухайн үед Амьдралын ээдрээ кино гарч байхад, зах дээр тор зараад гүйдэг хүү байлаа. Юм зарж явахдаа ангийнхаа хүүхэдтэй таараад л, тэрнээсээ ичдэг л байсан үе ч бий. Хүний аз завшаан ч гэх үү, амьдрал надад өгсөн бэлэг ч гэх үү, гол нь мэргэжилдээ тууштай байсны үр дүн гэж бодож байна.