
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ипотекийн зээл олголтын нөхцөлтэй холбоотой мэдээлэл өнөөдөр /2025.03.27/ өглөө.
Л.Энх-Амгалан: “Ерөнхий сайдаар ахлуулсан Баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хороо байгуулагдсан. Үндэсний хорооны дэд даргаар миний бие ажиллаж байгаа. Нарийн бичгийн дарга нь Хот байгуулалт, барилга хот, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь. Ерөнхий нарийн бичгийн дарга Хотын дарга Х.Нямбаатар. Монголбанк, Сангийн яамыг оролцуулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна. Гол санхүүжүүлэгч нь манайх. Манайх гэдэг нь баялгийн сан буюу хуримтлалын сан чинь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дээр байгаа. Тийм учраас хуримтлалын сан дээр жил бүр ирж байгаа 400-500 сая төгрөгийг зорилтот бүлэг рүү оруулъя гэж байгаа. Урьд нь бол ипотекийн зээл 400-500 орчим тэрбум төгрөгийн хүртээмжтэй байсан. Одоо дахин 500 тэрбумыг нэмэхээр нэг их наяд төгрөг болж байгаа. Үүнтэй холбоотойгоор тус зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн оочер нэмэгдсэн. Хуучин бол үндсэндээ 24-36 сар оочерлодог байсан бол одоо 48 сар хүртэлх хугацаанд оочерлодог болсон.
Ипотекийн зээлд зарцуулах 1-1.2 их наяд төгрөгөө бид зорилтот хүмүүст хүргэхээр судалж байгаа. Ер нь л иргэдийн орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Хуучин ипотекийн зээл найман хувийн хүүтэй байхад зээл авсан иргэд сард 400-600 мянган төгрөг байсан. Зургаан хувь болохоор уг нь тэр төлж байсан мөнгө багасах ёстой. Гэтэл 100-150 мянган төгрөг нэмэгдсэн. Тэгэхээр бид барилгын компаниудад зориулсан ипотек хийж болохгүй. Нэг талдаа ипотекийн зээлийн хүүг буулгаж, нөгөө талдаа барилгын үнэ нэмэгдэж болохгүй. Тиймээс судалгаа, нөхцөлийг эцэслээгүй байна” гэв.