
Ромын Пап лам Францискийг эмчлэгч эмч нар түүнийг энэ ням гарагт эмнэлгээс гаргах болсон тухай мэдэгджээ.
Ром хотын Жемели эмнэлгийн эмч нарын мэдээлсэнээр 88 настай Пап лам Францискийн хоёр уушгины хатгалгаа нь эдгэж, биеийн байдал тогтвортой байгаа ч эмч нар түүнд багадаа 2 сар тайван амрах хэрэгтэй гэж зөвлөжээ.
Эмнэлэгт 5 долоо хоног хэвтэн эмчлүүлэх явцад Пап ламын биеийн байдал хоёр удаа огцом муудсан ч Пап лам Францискад интубаци хийгээгүй ба тэрээр дээрх хоёр тохиолдолд хоёуланд нь ухаан санаа саруул байсан гэжээ.
Ромын Пап лам Франциск өнгөрсөн сарын 14-нд эмнэлэгт хэвтсэн ба түүнээс хойш олон нийтийн өмнө гаргаагүй юм.
Ватиканы кардинал Виктор Фернандесийн мэдэгдсэнээр удаан хугацааны турш өндөр тунтай хүчилтөрөгчийн эмчилгээ хийлгэсний улмаас Пап лам Францискийн хоолой гарахаа больжээ. Эмч нарын хэлж байгаагаар Пап лам Францискийн хоолой нь хэвийн болж, ярьж чаддаг болох хүртэл багагүй хугацаа шаардлагатай аж.
Эх сурвалж: bbc.com