
Баяр баясал, бахархал омогшил, ялалт, ялагдал, хөлс, нулимс, тэчвээр хөдөлмөр гээд л хүнд байж болох бүх л эмоци, илэрхийлэмжийг нэгэн дор гаргаж чаддаг салбар бол “Спорт” юм. Спортын салбарт үе удам дамжсан тамирчин гэж бий. Нээрээ л спорт, урлаг хэдэн үеийг залгамжилж төрдөг юмуу даа гэлтэй…
Ийм л удам дамжсан Мото спортын тамирчин бол МУГТ Эрдэнэбилэгийн Халиунболд. Түүний аав МУГД Ш.Эрдэнэбилэг тэртээ 1980-1996 он хүртэл Мотоспортын түүхэндээ Монгол улсаа тив дэлхий, Олон улс, тивдээ энэ л спортоор гайхуулж явсан түүхтэй. МУГТ Э.Халиунболд бага наснаасаа эхлэн Мотоспортод хөл тавьж, түүний аав хүүгээ дасгалжуулж байлаа. Монгол улсын дунд үеийн Мотоспортын олон олон амжилтууд түүнтэй салшгүй холбоотой. Ингээд Мото спортдоо эргэн ирэхдээ тэр дундаа “Тал нутгаас Дакарт” төслөөр ирж буй МУГТ Э.Халиунболдын анхны тэмцээн АНЭУ-ын Абу Дабид болсон Дакар ралли уралдааны өмнөтгөл буюу Дэлхийн цуврал гран при байлаа. Тэрбээр тус тэмцээнд амжилттай оролцоод ирсэн юм.
-Сайн байна уу? Юуны өмнө их спортдоо эргэн ирж байгаад тань баяр хүргэе?
-Эргэн ирэлт гэх юм бол яг тийм. 2019 онд гэмтэл аваад, ер нь хоёр жил орчим мотоциклоо унаж чадаагүй.
Тэгээд 2022 оноос эхлээд мотоциклоо бага багаар унаж байгаад, энэ төсөлтэйгээ хамтарч дараагийн шинэ хуудас нээж, шинэ жилдээ өөрийгөө бэлдэж уралдаж буйдаа маш их баяртай байна.
-Өөрийн тань спортын замнал ааваас тань эхлэлтэй. Саяны тэмцээнд ч аавын тань хувь нэмэр нэлээдгүй байсан болов уу?
-Манай аав 1996 онд Дэлхийн цомд уралдаж байсан. Сая маш сонин зүйл болсон. 1996 онд тэр үед уралдааны бүртгэл хийж байсан хүн тааралдаад, саяны уралдаанд миний бүртгэлийг хийгээд, 96 онд бүртгэл хийж байсан гэхээр нь өө, манай аав тэр уралдаанд ирж уралдаж байсан шүү дээ гээд хэлсэн. Тэгтэл өө тийм үү, анхны Монгол хүн байсан. Хүүхэдтэй нь тааралдсандаа маш их баяртай байна гээд бид тэнд сайхан танилцаад авсан.
Манай аав бол 1996 он хүртэл уралдсан. Тэрнээс хойш би аавыгаа залгамжлаад гарынх нь шавь, болоод энэ спортоор хичээллээд, сая уралдахдаа ч аав руугаа байнга залгаж ярьж байлаа.

-“Дакар Ралли” уралдаанд оролцохоор гол зорилго тавьжээ. Үүнд оролцохын тулд дараагийн ямар даваа байна вэ?
-Одоо ахиад гурван ч цуврал тэмцээн бий. Ядаж хоёрт нь уралдах зорилго тавьж байна. Цаашлаад дараагийн уралдаанууддаа уралдахын тулд өөрийгөө маш сайн бэлдэж, яах уу, ийх үү гэдгээ саяны уралдаанаас маш их зүйл ойлгож авлаа.
Мотоциклийн хувьд техник гэвэл ерөнхийдөө ойролцоо байна. Кроссын тамирчин гэдэг утгаар илүү жаахан өөрчлөх зүйлүүд бас байна. Түүнийгээ сая бол үнэхээр ойлгож авлаа. Бие организмын хувьд өөр кроссоос илүү яаж бэлдэх үү гэдгээ сайн ойлгож авлаа.
Э.Халиунболд: Аавынхаа залгамж болон энэ спортод зүтгэж яваадаа баяртай байдаг
-Дакар болон өмнөтгөл уралдаанууд өндөр хэмжээнд цахимжиж буй. Тэгэхээр уралдааны замд өрсөлдөхөд ямар ямар сайжруулах зүйлсүүдтэй нүүр тулсан бэ?
-Сая уралдааны замын зургаа таньж уншиж мэдэх чангахан даваа байлаа. Уралдахаасаа өмнө Америкт зургийн тайлбарыг гаргаж уншдаг сургалтанд суусан. Тийм учраас арай суурьтай байсан. Гэхдээ цаашдаа зурагнууд дээрээ илүү туршлагаа сайжруулах ёстой. Саяны уралдаанд нийт дүнгээрээ 14-р байрт орсон. “Ралли-2” гэдэг ангилалдаа 7 дугаар байрт ороод ирлээ.


-“Тал нутгаас Дакарт” төслөөр дамжуулан Монголдоо ямар ажлууд хэрэгжүүлэх вэ?
-Энэ оны тавдугаар сард Америкаас буцаж Монголдоо ирээд энэхүү төслийн хүрээнд дараагийн залгамж хойчоо бэлтгэх их үйлсэд зүтгэж ажиллана. Мотоспортоор хичээллэж буй хүүхэд, залууст Олон улсад тэмцээн уралдаанд оролцож, сурсан мэдсэнээ хуваалцаж, юу чаддаг, мэддэг туршлагаасаа хэлж зөвлөж өгөх болно.


“Тал нутгаас Дакарт” төслөөр дамжуулан “Аваргын кэмп”-ийг нээн ажиллуулах болжээ.
Уг төслийн продюссер Э.Ууган-Эрдэнэтэй мөн бид ярилцлаа.
-Сайн байна уу? Төслийн гол зорилго юунд чиглэж байгаа вэ?
-Сайн байна уу? Төслийн маань гол зорилго Мотоспортын залгамж халаагаа бэлтгэх зорилготой.
Яагаад энэ хүүхэд багачуудад зориулсан “Тал нутгаас Дакарт” төлийн хүрээнд “Чамп кэмп”-тэй хүүхдүүдийг мото спортоор хичээллүүлье гэдэг нь бид хоёрын санаа.
Учир нь ирээдүй хойчдоо санаа зовж байна. Энэ спортыг бас сурталчлах хэрэгтэй. Тэгээд аваргын кэмп ажиллуулъя гэдэг дээр хоёулаа санал нэгдээд ирээдүй хойч үе болсон залуучууддаа энэ зун хичээл орно.


-Төсөл хэзээнээс яригдаж, төлөвлөгдөж ирэв?
-Манай төсөл маань өөрөө бүтэн жилийн хугацаанд яригдсан юм. 2024 онд Хаскварна-гийн Ганзоог Дакарт яг уралдаж байх үед манай Халиука маань нэлээн их санаа тавиад, за яаж байна, Ганзоо яаж байна? Мөрөнг уралдаж байхад ч гэсэн дүү яаж байна? хэр явж байна, болж байна уу, давгүй юу гээд л маш их санаа тавина. Тэгээд хүн бүр мэдэхгүй шүү дээ. Бид бүгдээрээ энэ спортдоо хайртай учраас л үүнийгээ урагшаа явчихаасай гээд л бас санаа зовно.


-Тэгэхээр дараагийн Э.Халиунболд шиг, шилдэг тамирчдын залгамж халааг бэлтгэхнээ. Таны хувьд хэзээнээ Мотоспорттой холбогдож эхлэв?
-Миний хувьд мото спортоор 1999 оноос хойш хичээллэж эхэлсэн. Хүүхэд байхаасаа яг энэ спорттой холбоотой. Яагаад вэ гэхээр манай Халиукагийн аав Эрдэнэбилэг гавьяат. Манай аав Олон Улсын хэмжээний мастер Энхбат гэж хүн бий. Хоёулаа нэгэн үе мөр зэрэгцэн уралдаж байгаад хоёулаа зэрэг хүүхдүүдээ энэ спорт руу хөл тавиулж байсан.
Үе үеийн Тэмүүжин, талийгч Энкүүш, Манлай гээд мундаг мундаг тухайн үеийн шилдэг тамирчдыг дурдахгүй байхын аргагүй. Эдгээр мундаг тамирчид тухайн үед 1999, 2000-аад оны үед эхэлж байсан.


-“Дакар Ралли” бол эр зоригийн тулаан. Таны хувьд тус уралдааныг чамгүй хэдэн жил зорилоо. Зорилго нь юу байв?
-Би ч гэсэн “Дундын бариа” контентийг сүүлийн хоёр жил бэлтгэлээ. Ямар ч байсан залуу тамирчдаа дэмжье. Байгууллагуудад хандаад, хаалга цохиод хэдэн спонсор олоход медиа, гэрэл зураг л бид нарыг үүнд хөтөлнө. Тийм учраас дүүгээ дэмжээд өөрсдөө зардлаа зохицуулаад л Дакарыг зориод явж байгаа.
Энэ их ажил гэх үү. Ямар ч байсан өөртөө бол том үүрэг роль өгчихөөд байгаа. Тэгээд ямар ч байсан Гавьяатдаа зориулаад бид бүхэн энэ “Тал нутгаас Дакарт” гэдэг төслийг бичсэн. Энэ маань амжилттай хэрэгжээд эхнийхээ шатыг даваад Дакарт бас нэг алхам ойртоод л байж байна.
2022 онд би Дакарыг зорихдоо анзаарсан. Ер нь боломж маш сайн байгаа юм байна. За ер нь ийшээ ирэхдээ системтэй ирэх хэрэгтэй юм байна. Яагаад системтэй ирнэ гэхээр хэн хэнийгээ ойлгодог байх хэрэгтэй.
Тамирчин нь ч тэр, медиа нь ч тэр, дасгалжуулагч нь, спонспор, үзэгчид нь ч маш сайн ойлгох ёстой юм байна гэдгийг мэдэрсэн учраас Дакар руу хүнтэй ч бай, тамирчинтай, тамирчингүй ч байсан зорих ёстой гэдгийг ойлгосон.
“Дакар Ралли”-д Монголчууд түрүүлэх боломж бүрэн бий
Тэгээд ер нь тасралтгүй ийшээ тэмүүлээд, эндээс контентууд бэлдлээ. Ерөнхийдөө миний энэ сошиал дээр хийгээд байгаа зүйлүүд ерөнхийдөө үзэгчээ нэгт бэлтгэх, платформыг хүлээн авсан үзэгчид үүнийг ойлгож, мэддэг байх хэрэгтэй.
Тэр дундын бариа гэдэг нь юу юм. Хяналтын цэг нь юу юм. Впойнт нь юу байдаг юм. Торгууль нь яадаг юм. Финиш хийнэ гэдэг нь яадаг юм. За тэгээд Дакарт бол финиш хийнэ гэдэг нь нэг өөр асуудал.
Топ-50 дотор уралдана, Топ-20, Топ-10 цаашлаад түрүүлнэ гэдэг нь тэр чигээрээ бүгд эдийн засгийн эргэлт.
Тэгэхээр үүнийг маш сайн ойлгосон учраас энэ төсөл дээрээ нэлээн сайн анхаарч, залуучууд, мөн бас дараагийн Мөрөн, өөр өөр залуус явахад нэлээд их үнэтэй зөвлөгөө, бүх зүйл дээр л тусаж дэмжихийг хүсч эрмэлзэж ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа.