
Манила хотын нисэх онгоцны буудлаас Олон улсын эрүүгийн шүүхийн захирамжийн дагуу баривчлагдсан Филиппины Ерөнхийлөгч Родриго Дутертег Олон улсын эрүүгийн шүүхийн байрладаг Нидерландын Гааг хот руу шилжүүлжээ.
Энэ сард 80 нас хүрэх Р.Дутертег ОУЭШ-ийн прокурорууд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа юм. Р.Дутертегийн Филиппины төрийн тэргүүн байхдаа санаачилж, хэрэгжүүлсэн хар тамхины эсрэг дайны үр дүнд 30 мянга гаруй хүн амь үрэгдсэн ба тэдгээрийн дийлэнх нь гадаа гудамжинд буудуулан амиа алдсан байдаг аж.
Филиппины Ерөнхийлөгч Фердинанд Маркосын мэдэгдсэнээр Р.Дутертегийн баривчилгаа нь хууль ёсны дагуу, зөв зохистой явагдсан ба баривчилгаа нь Олон улсын эрүүгийн шүүхэд тусалсан явдал бус бөгөөд Интерполын хүсэлтээр явагдсан аж. Р.Дутерте нь 2016 онд Филиппины төрийн тэргүүнээр томилогдсоныхоо дараа хар тамхины эсрэг дайн зарлаж, улсаа хар тамхинаас ангижруулна хэмээн амласан юм. Тэрээр хар тамхины наймаачдыг хөнөөнө гэдгээ мэдэгдэж, ард иргэддээ хар тамхинд донтогчдыг мөн адил хөнөөхийг уриалж байв.
Түүний санаачилсан хар тамхины эсрэг тэмцэлтэй холбоотойгоор явагдсан ажиллагаануудын үеэр 12 000-30 000 иргэн амь үрэгдсэн гэсэн тооцоо байдаг ба хүний эрхийг хамгаалах байгууллагууд тухайн ажиллагаануудын үеэр цагдаа нар нотлох баримтууд хуурамчаар үйлдэж, шүүх задлан шинжилгээ хийхдээ олон төрлийн ноцтой зөрчил гаргаж, хүний гарт амиа алдсан хүмүүсийн цогцсыг байгалийн жамаар өөд болсон гэж нас барсаны гэрчилгээн дээр нь бичиж байсан нь тогтоогдсон юм. ОУЭШ Филиппин улс Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн байх үеийн буюу Р.Дутертегийн Давао хотын даргаас Филиппины төрийн тэргүүн байсан үеийн 2011 оны 11-р сарын 1-нээс 2019 оны 3-р сарын 16-ны хооронд үйлдсэн хэргүүдийг шалгах аж.