
Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2025.03.11/ найм дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүгдэгч Ж.Сүхбаатар: Хотын дарга асан Д.Сумъяабазар 2022 оны тавдугаар сарын 18-нд 1432 автобус хэрэгтэй байгаагийн 1100-г нь төрөөс, 300-г нь хувийн хэвшил шийднэ гэж тоо гаргасан. Тэгээд өөрсдөө 224 автобусаа авчихсан байсан. Нийслэлийн төсөв дээр санхүүжилтээ тавиулах гэж байсан чинь Түгжрэлийн сайд дээр тавих саналыг Эдийн засгийн сайд Ч.Хүрэлбаатар гаргасан. Би татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийг Ж.Сүхбаатар сайдад өгөх нь зөв. Нийслэл хариуцлагагүй газар. Энэ мөнгийг өгч болохгүй” гэсэн. Тэгсэн би хүлээж авахгүй гэдгээ хэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тэгээд яах юм бэ” гэсэн. Хажуугаар нь бас нэг сайд “Автобусгүй, мөнгөгүй болох гээд байна. Та өөр дээрээ авчих л даа” гэсэн. Би зөвшөөрөөгүй ч дараа нь улсын төсөв Засгийн газрын хуралдаанд орж ирэхдээ төсвийг над дээр тавьсан байсан. Би Монголын төрд орж ирчихээд доромжлол амсчихаад явж байгаа хүн. Өөрөө шударга байх тухай ярьж, Монголын том хулгайчидтай тэмцэн олон жилийн амьдралаа золиосолчихоод хулгай хийсэн юм шигээр гутааж байна.
Тэднийг Эрүүгийн хуулийн дараах гурван зүйл ангиар яллагдагчаар татаж, шүүж буй юм.
22.1-1, Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
17.3-2.2, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорихял шийтгэнэ.
22.12-1, Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.