
NBA-ын бүх оддын тоглолтод дөрвөн удаа сонгогдсон, 2016 оны олимпын алтан медальт DeMarcus Cousins Монголд ирлээ.
Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирал дуулиантай мэдээллээр эхэлж байна. Энэ сарын 09-ний өдрөөс дээд лигийн плей-офф эхэлнэ.
Сагсан бөмбөгийн дээд лиг хөшгөө нээгээд 30 дахь улиралтайгаа золгож буй.
Плэй-офф эхлэхийн өмнөхөн Сэлэнгэ Бодонс багт NBA-д шуугиулж явсан Демаркус Казинс нэгдэж байгаа юм. Тус багийн зүгээс Демаркус Казинсын дугаартай өмсгөл 10 мянга гаруйг худалдаанд гаргажээ. Одоогийн байдлаар 3000 гаруй нь зарагдаад байгааг Сэлэнгэ Бодонс багийн эзэн хэллээ.
Демаркус Казинсын хувьд 2018 онд ахиллын шөрмөсөө тасалж, түүнээс хойш тоглолтын талбайд гарч чадаагүй байсан юм. Түүний хувьд хамгийн сүүлд Голден Стэйт Уорриорс, Лос Анжелес Лэйкерс, Милуоки Бакс, Денвер Наггетс багуудад нэгдэж, аваргын төлөө өрсөлдөж байсан. Ингээд үүний дараа Ази тивийг зорьж, Тайванийн Т1 лигт тоглосон түүхтэй.
NBA-гийн Бүх Одод”-ын тоглолтонд 4 удаа сонгогдсон.
Өнгөрөгч намар мэргэжлийн 3х3 сагсан бөмбөгт эргэн ирэлтээ хийж, Хятадын багийн өмсгөлтэй олон улсын томоохон тэмцээнүүдэд тоглоод амжсан билээ.
Харин Сэлэнгэ Бодонс баг энэ улиралд хүснэгтийн тавдугаарт бичигдэж байна. Тэдний багт легионер тоглогчоор Ахмад, Силла нар нэгдэн лигийн талбайд өрсөлдөж буй.
Ийнхүү Демаркус Казинсыг багтаа нэгтгэсэн Сэлэнгэ Бодонс багийн тоглолтын арга барил, техник тактик улам чангарч, өрсөлдөг багуудад амаргүй даваа болох нь гарцаагүй. Өнөөдөр орой 18:00 цагт UG аренад тус багаас легоинер тоглогч Демаркус Казинсын “Фэн өдөрлөг”-ийг зохион байгуулах ажээ.