
Гэрэл зургийн эх сурвалж: Mpa
Цагаан сарын баярын өдрүүдээр иргэдийн хоол хүнсний хэрэглээ ихэсдэг. Ялангуяа махны хэрэглээ эрс нэмэгддэг. Энэ үед хоол хүнсээ хэрхэн зохицуулах талаар Шим тэжээл судлаач, дэд профессор М.Пүрэвжав зөвлөлөө.
Тэрээр:
- Эрүүл буюу ямар нэгэн архаг хууч өвчингүй, чихрийн шижингүй, даралт нь ихэсдэггүй, бөөр нь өвддөггүй хүний хувьд хэдхэн өдөр хэтрүүлж идлээ гэхэд, биеийн жин 1-2 кг-аар нэмэгдэхээс өөр асуудал тулгарахгүй. Баяраар идэж, ууж бололгүй яах вэ. Харамсалтай нь, монголчуудын эрүүл мэнд тийм ч сайн биш. “Цоо эрүүл хүн байна уу” гээд хайвал олоход хэцүү. Архаг хууч өвчтэй хүмүүсийн хувьд хэтрүүлэн идвэл бие махбодынх нь ачаалал нэмэгдэж, өвчин нь хүндэрнэ. Цагаан сар, наадмын дараа эмнэлгийн ачаалал, тургэн тусламжийн дуудлага эрс нэмэгддэг зүй тогтол бий. Тиймээс суурь өвчтэй хүмүүс цагаан сарын өдрүүдэд хоол хүнсээ хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Хоногт хэрэглэх илчлэг насанд хүрэгчдийн хувьд дунджаар 1400-2700 ккал орчимд хэлбэлздэг. Гэтэл цагаан сарын үед 15-20 бууз, 100 грамм салат идэж, жаахан ундаа уулаа гэхэд л илчлэг 4000-6000 ккал болж нэмэгдэнэ.
- Махыг ногоотой идэх нь зөв. Гэхдээ ямар ногоо идэх вэ гэдэг их чухал. Майонез ихтэй салат идэх нь оновчгүй. Яагаад гэвэл майонезын илчлэг өндөр, удаан шингэдэг. Дан ногооны, тос багатай салат идэх нь оновчтой. Өөх тос ихтэй, махтай хоолны араас хүйтэн ундаа уух нь мөн оновчгүй. Зөвхөн хийжүүлсэн ч биш, бүх төрлийн ундаа тохиромжгүй. Энэ нь монголчууд янз бүрийн өвчин, тэр тусмаа нойр булчирхайн хурц үрэвслээр өвчлөөд буйд нөлөөлдөг байх магадлалтайг эмч нар хэлдэг.
- Хоол бол уг нь маш энгийн бөгөөд чухал ойлголт. Хүмүүс зөв хооллоно гэхээр хэзээ ч харж байгаагүй хүнс идэх тухай бодоод, эсвэл маш нарийн дэглэм баримтлах талаар ярьдаг. Заавал чиа ур иднэ гэдэг ч юм уу. Үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж, нарийн дэглэм барих нь чухал биш. Харин өглөөний цайгаа тогтмол уудаг байх хэрэгтэй. Хамгийн гол нь химийн нэмэлттэй бутээгдэхүүнүүдээ хязгаарлах хэрэгтэй юм.
- Баяр бол баяр шиг л байх ёстой. Буузаа хийг, идэг л дээ. Би бол Цагаан сард буруу өгөх бус, хувь хуний ухамсар, хэрэглээтэй л холбон тайлбарлана. Айлын баярын ширээнээс алийг нь хэр хэмжээгээр идэх нь хувь хуний л сонголт. Yүнийг хувь хуний хэрэглээ, ухамсраар зохицуулж болно гэлээ.
Нэмэлт мэдээлэл…
ЭРҮҮЛ АМЬДРАХ, ЭСЭХЭЭ ТА ӨӨРӨӨ ШИЙДНЭ
Сүүлийн үеийн судалгаагаар хоёр том хүн тутмын нэг, гурван хүүхэд тутмын нэг нь таргалалттай байна. Судалгаанд хамрагдсан иргэд “Ямар ч хөдөлгөөн хийдэггүй. Хөдөлгөөн хийх зав байдаггүй” гэж хариулжээ. 15-69 насны нийт хүний 22 хувь нь хөдөлгөөний хомсдолтой. 49 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь таргалалттай гэсэн судалгааны дүн гарсан байна. Эрүүл мэндийн хүчин зүйлийг 100 хувь гэж авч үзвэл, 55-65 хувь нь өөрийн зан үйл, дадал хэвшлээс шалтгаалж байдаг. Насанд хүрсэн хүн өдөрт 30-60 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийвэл эрүүл байж чадна. Эсвэл 10 мянган удаа алхах хэрэгтэй. Том хүний дадал хэвшлийг өөрчлөхөд, зургаан сараас хоёр жилийн хугацаа шаарддаг. Та ямар нэгэн дасгал хийхдээ хажууд байгаа хүнтэйгээ ярьж чадахуйц байвал таны дасгалын ачаалал тохирч байна гэж үзэх хэрэгтэй юм. Хүн нийт амьдралынхаа 33 хувийг ажил дээрээ өнгөрүүлдэг. 21 дүгээр зууны ажлын байр бол хүний эрүүл мэндийг дэмжигч гол байгууллага болохыг ДЭМБ зөвлөсөн. Тиймээс ажил дээрээ дасгал хийж, зөв хооллох нь эрүүл амьдралын гол түлхүүр болох тухай салбарын мэргэжилтнүүд хэлж буй.