
2024 онд CU конвиниенс дэлгүүр хэд хэдэн компанид хөрөнгө оруулалт хийж, шинээр хувьцаа гарган “Премиум Нэксус” ХК болж компанийн нэрээ өөрчилсөн нь брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, бизнесийн дэд бүтцээ өргөжүүлэх зорилготой юм. “Нексус” буюу “холбоос” нэр нь олон салбарыг холбосон компанийн мөн чанарыг илэрхийлнэ. Бид “Премиум Нэксус” ХК-ийн Гүйцэтгэх захирлын орлогч Г.Чинзоригтой компанийн үйл ажиллагаа, гадаадын хөрөнгө оруулалт, үр өгөөжийн талаар ярилцлаа.
“Премиум Нэксус” ХК ТОП100 аж ахуй нэгжийн эхний наймд эрэмбэлэгдсэн. Энэ амжилтад хүрсэн үйл ажиллагааныхаа талаар яриагаа эхэлье.
CU конвиниенс дэлгүүр Монголд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш анх удаа 2024 онд ашигтай ажиллалаа. Гэсэн хэдий ч 2022 оны IPO-ны үеийн төлөвлөгөө, хөрөнгө оруулагчдад өгсөн амлалтаас олон сараар хоцорсон нь харамсалтай. Энэ хоцрогдолын гол шалтгаан нь ковидын дараах эдийн засгийн сэргэлтийг хэт өөдрөг үнэлсэн явдал бөгөөд дараах хоёр хүчин зүйлийг буруу тооцоолсонтой холбоотой.
Нөгөө талдаа дэлхий даяар нийлүүлэлтийн сүлжээнд Ковидын цар тахал болон Орос-Украины дайны улмаас доголдол үүссэн нь CU конвиниенс дэлгүүрийн санхүүгийн үзүүлэлтэд хүртэл сөргөөр нөлөөлсөн. Ковидын үед бараа бүтээгдэхүүний хомсдол их, лангуу хоосон байх нь элбэг байсан бол 2024 оны эхээр нийлүүлэлтийн сүлжээ тогтворжиж эхэлсэн.
Өмнө нь CU дэлгүүрт 100 бүтээгдэхүүн хэрэгтэй байлаа гэхэд 76-г нь л нийлүүлж чадаж байсан бол 2024 онд 93-95%-ийн нийлүүлэлттэй болгож чадсан. Ингэснээр анх IPO хөрөнгө оруулагчдаа амлаж байсан зүйлсүүдээ хийж чадсан.
Гадаад орчны нөлөө нэлээн их байлаа. Бид компани доторх ажлын процессуудаа улам сайжруулах, хүмүүсээ чадавхжуулсан. Энэ бүх зүйлсүүд нийлээд эцэстээ конвиненс дэлгүүрийн бизнес Монголын зах зээл дээр ажиллах одоо бүрэн бололцоотой юм байна. Бизнес загварын хувьд Монголын зах зээлд таарч байгаа юм байна аа гэдгийг батлан харуулсан жил болсон.
2025 ондоо амжилтаа улам ахиулахаар төлөвлөж буй зорилт, стратеги юу байна вэ? CU-ийн дараагийн шинэ алхам юу байх бол?
2025 онд бид олон боломжуудыг харсан, түүнийгээ ашиглан, төлөвлөсөн ажлуудаа амжилттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ тааруухан, муу байгаа талууд ч бий. Хүмүүсийн худалдан авах чадвар сайжраагүй байна. Энэ бол санаа зовох асуудал мөн. Гэхдээ илүү том боломж нь, бид 12 аймагт 48 салбар үйл ажиллагаа явуулж байгаа. Гадаадын болон дотоодын аялал жуулчлал сайн хөгжихөд үйлчилгээний дэд бүтэц ялангуяа найдвартай хоол, хүнс, кофе зэрэг чухал бөгөөд дэлхийн стандартын үйлчилгээг хүмүүсийн гарт улам ойртуулах. Улаанбаатараас хүмүүс гарч яваад хөдөө орон нутагт очиход яг Улаанбаатарт авдаг шиг үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх хэрэгцээ байна.
Мэргэжлийн байгууллагын судалгаагаар Монголчуудын дунд ходоодны өвчлөл, чихрийн шижин зонхилж байгаа нь хоол хүнсний хэрэглээтэй шууд холбоотой. Тиймээс бид хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангасан эрүүл, аюулгүй хоол хүнсийг нийлүүлэхээр ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд агаар нэвтрэхгүй, аюулгүй савлагааны шинэ технологи болон үйлдвэрлэлийн шинэ хөрөнгө оруулалт хийж, хоол хүнсний чанар, аюулгүй байдлыг сайжруулах олон ажлуудыг энэ жил хэрэгжүүлнэ.
Мөн түүнчлэн бид технологийн шинэчлэлтүүдийг тасралтгүй хийж байгаа бөгөөд үүний нэг нь CU Pay. Урьд нь нэг хэрэглэгч төлбөр тооцоо хийхэд 1 минутаас илүү хугацаа зарцуулдаг байсан бол CU Pay-г ашигласнаар энэ хугацаа 26 секунд болж буурсан. CU Pay нь ганцхан QR код уншилтаар НӨАТ-ын баримт автоматаар бүртгэх, холбогдсон картаас шууд гүйлгээ хийх, лояалти оноо цуглуулах гэсэн гурван үйлдлийг нэг дор хийх боломжийг олгодог. Үүний үр дүнд үйлчлүүлэгчдийн цаг хугацаа, мөнгийг хэмнэж, үйлчилгээний хурдыг эрс сайжруулж, дэлгүүрийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байна.
CU 2025 онд томоохон хөрөнгө оруулалт хийж, дэлхийн жишигт нийцсэн стандарттай, технологитой болгож, илүү сайн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна
CU дэлгүүрүүд сүүлийн үед ариун цэврийн өрөөгөө түгжих, ашиглуулахгүй байх тохиолдол гарч, олон нийтийн сүлжээнд иргэд бухимдлаа илэрхийлж байгаа. Хийж, эхлүүлсэн ажлаа яагаад ингэж хязгаарлаж байна вэ?
CU Монголд орж ирээд ариун цэврийн өрөөний асуудлыг шийдэж, олон хүнийг тав тухтай үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн. Гэхдээ 5-6 жилийн туршлагаас харахад ариун цэврийн өрөөний цэвэр цэмцгэр байдал нь хүний хэрэглээнд шууд нөлөөлдөг болохыг ойлгосон. Ариун цэврийн өрөө муухай байвал хүмүүс муухай ашигладаг бол цэвэр, тухтай байвал хүн бүр хариуцлагатай хандана. Тиймээс бид ариун цэврийн өрөөний чанарт анхаарч, 2025 онд томоохон хөрөнгө оруулалт хийж, дэлхийн жишигт нийцсэн стандарттай, технологитой болгож, илүү сайн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.
Компанийн хувьцаа эзэмшигчид болон хөрөнгө оруулагчдын бүтэц ямар байна вэ?
“Премиум Нэксус” ХК бол МХБ-д бүртгэлтэй, 10 мянга орчим хувьцаа эзэмшигчтэй компани. Хувьцааны 91,5%-ийг монголчууд эзэмшиж байгаа тэгээд 8,5% нь л гадаадын хөрөнгө оруулалт байна. Тэгэхээр энэ бол монгол компани. өнөөдөр менежмент болон бүх шатанд монгол залуучууд ажиллаж, сурч, хийж бүтээж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа учраас монгол компани мөн.
Гадаадын хөрөнгө оруулалтаас хүртэх үр өгөөж юу байна вэ?
CU брэндийг бид оруулж ирсэн нь МЭДЛЭГ оруулж ирсэн. Монголчууд бид өөрсдөө конвиненс дэлгүүрийн бизнесийг хийнэ гэвэл яг энэ хэмжээнд хүргэх хүртэл маш их цаг хугацаа, хөрөнгө, хүчийг зарцуулна, алдана. Нэгэнт дэлхийд хийчихсэн мэдлэгийг аваад шууд ашиглаж байгаа нь асар их бүтээмж, чанар, үр өгөөжийг бий болгож байгаа юм. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол мэдлэг, бүтээмж, үр өгөөжийг богино хугацаанд бий болгох, эх орныхоо эдийн засгийг дэмжих, дэлхийн стандартыг жишиг болгон нэвтрүүлж, энэ бүхнээс үр өгөөж хүртэх боломж гэж харах ёстой.
Манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчныг бизнес эрхлэгчийн хувьд хэрхэн дүгнэдэг вэ?
Гадаадын хөрөнгө оруулалт нь мэдлэг, технологи, шинэ санаа оруулж ирдэг тул манай улсын эдийн засгийн өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ Монголын зах зээлийн хэмжээ хязгаарлагдмал учраас гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах нь бэрхшээлтэй тал бий.
Заримдаа гадаадын хөрөнгө оруулалтыг эрсдэлтэй, эх орондоо сөрөг нөлөөтэй гэж үздэг нь маш буруу ойлголт юм. Харин ч гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих тогтвортой эрх зүйн орчин, тодорхой хууль эрх зүйн зохицуулалт дутагдаж байна. Жишээлбэл, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталж чадахгүй удаж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдад эрсдэл үүсгэж, сөрөг сэтгэгдэл төрүүлдэг. Иймэрхүү тогтворгүй байдал нь Монголыг хөгжлийн боломжоос хойш татаж байна шүү дээ.
Танай компанид гадаад хөрөнгө оруулалт татах хэрэгцээ шаардлага бий юу?
Манай компанийн эрхэлж буй бизнесийн хувьд гадаадын хөрөнгө оруулалт талаасаа бол хэрэгцээтэй зүйлсүүд байгаа. Илүүтэйгээр мэдлэг оруулж ирэх, монголыг дэлхийтэй холбох гэдэг утгаараа хөрөнгө оруулалтын хэрэгцээ бий.
CU конвиниенс дэлгүүр Монголчуудын өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон гэж хэлж болох уу? Хэрэглэгчдийн хандлага хэрхэн өөрчлөгдөв?
Тийм ээ, CU конвиниенс дэлгүүр Монголчуудын амьдралын хэв маягийн нэг хэсэг хэдийнээ болсон. Анх бид шинэ үйлчилгээ, соёл нэвтрүүлж байсан бол одоо үйлчлүүлэгчид маань CU-ээс өглөөний цайгаа тогтмол авдаг, тодорхой барааг тогтмол худалдан авдаг болсон байна. Энэ нь хэрэглэгчдийн CU дэлгүүрийг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг гэж үздэг болсныг илэрхий харуулж байна. Үйлчлүүлэгчид маань хурдан, шуурхай, төвөггүй үйлчилгээг хүсдэг болсон.
Мөн бид үйлчлүүлэгчтэйгээ үргэлж хүндлэлтэй, соёлтой харьцахыг эрхэмлэдэг. Энэ нь бусад үйлчилгээний газруудад ч эерэг нөлөө үзүүлж, үйлчилгээний соёлыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Жишээлбэл, Сайншанд дахь CU дэлгүүр 24 цагаар ажиллаж эхэлснээр бусад дэлгүүр, кофе шопууд ч ажлын цагаа өглөө эрт болгон өөрчилсөн. Бид үйлчлүүлэгчдийнхээ амьдралд илүү хурд, үр өгөөжийг нэмж байгаадаа баяртай байна.
Ярилцсанд баярлалаа.