
Сүүлийн нэг сарын хугацаанд долоо хоног бүрийн лхагва гарагт “Утааны сонсгол” гэх сүртэй том нэртэй, жижиг мэдээлэл, худал үнэн нь мэдэгдэхгүй тоо баримт ярьсан сонсголын сүүлийнх нь өнгөрөгч даваа, мягмар гарагт боллоо. 779 хүн өнгөрсөн 8 жил угаартаж нас барсанаас гавих тоон мэдээлэл багатай, сайжруулсан түлш биш газаар халаалтаа шийдэе гээд өнгөрсөн. Энэ бүхний эцэст хариуцлага хүлээх ч хүнгүй, хотын даргын бараа нь ч харагдаагүй 2 өдрийн сонсгол “Утааны сонсгол” гэх нэрэндээ агуулга, үр дүнгээрээ жижигдлээ.
Сонсголын маргааш буюу өнгөрөгч лхагва гарагт утаа, угаарын хордлогын асуудлыг олон нийтийн анхааралд аваачсан хүн бол хайртай ээж, дүү нараа угаарын хордлогоор алдсан цэрэг хүүгийн мэдэгдэл боллоо. Хүү цэргийн алба нэр төртэй хааж, 35 үсгээ дөнгөж таниад уншиж сурсан жаахан дүүгийнхээ үсэглэлийн баярыг тэмдэглэж өгөхөөр төлөвлөж байсан хүү чөлөөний хуудастай гэртээ ирээд талийгаач нарынхаа гэрчилгээг гардан авсан гашуун өдрүүдийг олны өмнө ил болголоо.
Хүү төрд гомдож, 2 сарын өмнө утсаар холбогдсон ээж, дүү нарынхаа тухай сэтгүүлчдийн өмнө ярьж зогсохдоо зад татах шахам шархирч цохилоо зүрхээ дарж, мэлмэрч урсах нулимсаа залгиж ярьж зогсох нь олны өмнө цацагдсан нь хар угаарын хор хэдэн зуугаар нь залгиж буй үнэнийг олон нийтэд дахин сануулж, цочирдуулан хүрэв.
Тухайн өдөр хүүг эвийлэх нь эвийлж, шүүж хэлэлцэх нь хэлэлцсэн. Буянтан болж олон нийтийн сүлжээгээр эмгэнэгчид ч олширсон. Төд удалгүй хүүгийн ээжийг архичин болгож, улны бүлгийн айл байсан, хүү нь ч хулгай хийж хариуцлага үүрч байсан гэх цагаан дээр хараар бичсэн хэнийх нь үл мэдэгдэх бичиг цахим орчинд түгэх нь тэр.
Үнэндээ хүү мөнгө, тусламж гуйгаагүй. Төрдөө гомдож, түмэндээ л багтрах гээд байсан үнэнээ л уудалсан. Гэвч маргааш өдөр нь буруутан болох шахаж, хүүгийн мэдэгдлээр улс төр хийгчид овжин ажиллаж эхэлсэн.
6 хүний амь байтугай жирэмсэн эмэгтэйг гэрийн шаахайтай эмнэлгийн хаалгаар гарч машинд суусан үйл явдал Ерөнхий сайдыг огцроход хүргэж байсан нь саяхан. Энэ жишээг олон нийт дурсаж өнөөгийн Ерөнхий сайдыг Засгийн газартайгаа огцрохыг шаардсан бичиг сэлт, мэдэгдэл, цахим явуулгууд яах аргагүй өнгөрөгч 7 хоногийн онцлох үйл явдал байлаа.
Нүдэнд ил харагдаж буй улс төр гэвэл,
- Хууль зүй, дотоод хэргийн сайд нь сандарч хүүгийн талаарх бичигт буй зарим мэдээллийг үгүйсгэн, Цагдаагийн байгууллага, албан тушаалтнуудаа шалгаж эхэлсэн.
- УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хууль зүйн үндэслэл бүхий Засгийн газрыг огцруулах бичиг парламентын танхим дахь зарим нэг хүмүүсийн төрхийг илчилж байна.
- Харин Ерөнхий сайдын хувьд бямба гараг бүрт хийж буй Шуурхай штабынхаа хурлын эхэнд хүүгийн гэр бүл угаартаж амиа алдсанд эмгэнэл илэрхийлсэн төдийхнөөр үргэлжиллээ.
Хэрвээ Ерөнхий сайд хүүг мэдэгдэл хийсэн даруй эмгэнэл илэрхийлж, 779 хүний алтан амийг авч одсон хорт угаар, сайжруулсан түлш хэмээх үхлийн хийнээс салцгаая гээд уучлал гуйчихсан бол “Засгийн газар огцор” гэх 3 үг ингэтлээ газар авахгүй л байлаа.