
116 дугаар сургууль бол харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурдаг сургууль. Сургууль руу орох, гарах ганц гарц бий. Гэвч гарцан дээр үргэлж машин тавьчихдаг нь сурагчдад болон эцэг эхчүүдэд хүндрэлтэй байдал үүсгээд байгаа талаар манай сайтад хандлаа.
Бидэнд хандсан иргэний ярьж буйгаар, “Энэ сургууль бол эрүүл саруул хүүхдүүдийн сурдаг сургууль биш. Харааны бэрхшээлтэй хүүхдийн сургууль. Сургууль руу орж, гардаг, харааны бэрхшээлтэй хүүхдүүд бие дааж явдаг, хүүхдээ хөтлөөд явдаг ганцхан гарц бий. Ганц гарц дээр нь хүмүүс машинаа тавьчхаад яваад өгдөг. Энэ нь маш хүндрэлтэй. Хажуугаар нь тойрч явна гэхээр бродюр нь тээглээд, бүдэрч унах гээд байдаг. Ганцаараа явахаас гадна хөтлөөд явахад маш асуудалтай. Нарийхан замаар явах гэж бүдэрч унах гээд их юм болно. Бродюр дээр нь хүүхдээ гаргаад алхуулъя гэхээр халтирч уначих гээд байдаг юм. Жаахан ухамсартай баймаар байна” гэв.
Жижигхэн асуудал мэт боловч энэ бол хүний эрхийн мэдрэмжгүй, тэр тусмаа тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эрхийг зөрчсөн асуудал мөн. Бид 116 дугаар сургуулийн менежер И.Дариймаагаас асуудлын талаар тодрууллаа.
СУРГУУЛИЙНХАА ХЭМЖЭЭНД ЗОХИЦУУЛАЛТАА ХИЙЧИХНЭ
-Сургууль руу орж, гарах нэг л гарц байдаг юм байна. Тэнд нь машин тавьчихсан байна. Энэ асуудлыг сургуулийн удирлагууд яагаад шийдэхгүй байгаа юм бэ?
Манай зүгээс шийдэхгүй биш шийдээд явж байгаа. манай сургууль баруун талдаа ганц л орц гарцтай. Сурагчид эцэг эхчүүд орох шинэ хаалт хийснийг анзаарч байгаа байх.
Сургуулийн ажилтнууд болон сурагчдын аав ээжүүдийн машины дугаарыг бүгдийг нь таниулаад, хүүхдээ хүргэж өгч байгаа аав ээжүүд сургуулийн хашаа руу орж гардаг. Түүнээс өмнө 100 айл орчмын худалдаачид манай сургуулийн хашаанд машинаа тавьчихдаг байсан. Энэ асуудлыг шийдчихсэн.
-Харааны бэрхшээлтэй хүүхдүүд шүү дээ. Тан шиг, над шиг харж чадахгүй. Нарийн замаар явах, цаана нь бродюр тээглэх жишээтэй. Энд машин тавихгүй байх зохицуулалт хийж болдоггүй юм уу?
-Яг энэ сургууль руу орох гарцан дээр хаалт буюу самбар тавьдаг. Хажууд нь автобусаа тавьдаг юм.
-Самбар нь хаана байгаа юм бэ? Машин л байна шүү дээ.
-Энд машин тавьсныг асуудал болгож болж байна. Энэ бол асуудал мөн. Сургуулийнхаа хэмжээнд зохицуулалтаа хийчихнэ. Ямар эцэг эх тавьсныг нь бид мэдэхгүй байна. Энэ машиныг сайн ойлгохгүй л байна. Тавьдаггүй л юм даа. Сонирхолтой санагдаж байна. Би гайхаж байна.