
Монголын сагсан бөмбөгийн холбооноос дээд лигийн эмэгтэй шилдгүүдээ тодрууллаа. Уг ёслолын арга хэмжээний үеэр Монгол улсын эмэгтэй тамирчид Ази тивдээ, мөн бүс нутгийн хэмжээнд гарч тоглох боломж бүрдэж буйг сагсан бөмбөгийн холбооноос онцоллоо. МСБХ-ны хамт олон шинэ бүтэ бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлснээс хойш эмэгтэй лигийн шилдгүүдээ тодруулдаг энэхүү ёслолын арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа ажээ.
Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид Азидаа болон бүс нутгийн хэмжээнд гарч тоглох боломж бүрдэж байна.
Ингээд бид эмэгтэй дээд лигийн шилдгүүдтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
2024-2025 оны улирлын “Үнэ цэнтэй тоглогч” буюу MVP-гээр “Улаанбаатар амазонс” багийн тамирчин Б.Ариунцэцэг тодорлоо.

“Улаанбаатар амазонс” багийн тамирчин Б.Ариунцэцэг: Миний хувьд энэ жил маш үр дүнтэй байлаа
Би сагсан бөмбөг тоглоод 15 жил болж байгаа. Энэ спортоор хичээллээд өөрийнхөө хувьд хичээллээд эхэлсэн цаг нь сүлийн 5-6 жил эрчимтэй бэлтгэл хийсэн.
Түүнийхээ үр шимээр одоо ингээд шагнал аваад зогсч байна. 2 жилийн өмнө яг MVP шагнал аваад би энд яг зогсох ёстой хүн мөн үү? Энэ шагналыг хүртэх ёстой хүн үү гэж би өөртөө эргэлзэж байсан. Тэрийгээ би батлаад 2 жилийн дараа өнөөдөр энд зогсож байгаадаа маш их баяртай байна.


Мөн миний хувьд энэ жил хамгийн үр дүнтэй жилүүдийн маань нэг.
3х3-аар маш амжилттай жил байлаа. Мөн Азийн аваргын хүрэл, мөн Ulaanbaatar Women Series-н аварга, тэгээд дэлхийд танигдсан Монгол улсын эмэгтэй шигшээ багийн тамирчин гэдгээрээ бас бахархах ёстой.
Эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжилд Монголын сагсан бөмбөгийн холбоо илүү их ажиллаж байгаа. Эрэгтэйгээсээ илүү эмэгтэй нь илүү амжилттай байх юм бол эмэгтэй тамирчдаа лиг дотор маш өрсөлдөөнтэй явуулж байгаа нь тамирчдад илүү урам зориг өгч, илүү өөрийгөө дайчлах мөчүүдийг гаргах байх гэж бодож байна.
Эмэгтэй В дивизионы 5х5 тэмцээнд өмнө жил явж байсан. Тэгэхэд бидэнд боломж байгаа юм байна. Бид нар илүү сайн бэлтгэл хийчих юм бол В дивизионоос дээшээ А дивизион руу орох гэсэн хүсэл эрмэлзэл байсан. Ийм хүсэл бий. Тэрийг холбооныхон ч гэсэн, бидний ард ажиллаж байгаа Монголын сагсан бөмбөгийн холбооныхон ажиллаж буйд нь бас баяртай байна.
“Амжилт нь ахисан тоглогч”-оор “Омни Хүлэгүүд” багийн тамирчин Т.Үлэмж шалгарлаа.


“Омни Хүлэгүүд” багийн тамирчин Т.Үлэмж: Би волейболын спортоос сагсан бөмбөг рүү урвасан.
Би одоо өөрөө амжилт нь ахисан тоглогчийн шагналыг авч байна. Энэ ганц миний шагнал биш манай багш, дасгалжуулагч, манай багийн хамт олон, багийн бүгдийнх нь шагнал гэж бодож байна. Үүн дээр зөвхөн нэг тоглогчийг шагнаж байгаа бол энэ багийн спорт.
Бид нар тоглолтон дээрээ нэг нэгнээ нөхөөд энэ жил манай багийн хувьд бэртэл гэмтэл нэлээд их байсан. Тэрийг нь бид нар нөхөөд, бэртэл гэмтлээс орж ирж байгаа тоглогчид маань улам их хичээж орж ирж байгаа. Тийм ч учраас бид нарын яг энэ сүүлийн гуравдугаар тойргоос эхэлсэн тоглолтууд маань яг учраа олоод, илүү гоё нямбайраад явж байгаа болов уу гэж бодож байна.
Миний түүх маш сонирхолтой. Би өөрөө волейболын хүн байсан байхгүй юу. Суурь маань волейбол байсан. Тэгээд би гурван жилийн өмнө яг Монгол улсын гавьяат дасгалжуулагч Одонбаатарын Баярцогт багш дээрээ ирсэн. Яг тэр гурван жилийн өмнө анхны лиг зохион байгуулагдаж байлаа. Ер нь бол яг дээд лигийн бэлтгэл ямар байдаг вэ? Сагсан бөмбөг гэж ямар байдаг гэдгийг би гурван жилийн өмнөөс л мэдэж авсан. Тэр блэтгэл, энэ чинь сагсан бөмбөг. Та нарын тэр гадаа тоглоод байдаг чинь сагсан бөмбөг спорт биш, энэ чинь бэлтгэл биш гэдгийг л яг гурван жилийн өмнөөс л яс махандаа ойлгосон.
Багшийн маань хэлсэн үг болгон намайг яг сагсан бөмбөгийг зөв мэдээд, зөв сураад авчихаасай. Хэлсэн үг болгон нь өөрөө өөртөө тусгаад тэрэн дээрээ илүү их ажиллаасай, өөртөө ур чадвар нэмээсэй гэж багш маань байнга ингэж хэлдэг. Ганцхан надад биш, бүх тамирчид, бүгдэд нь тийм гоё мотиваци өгдөг. Тэгээд түүнээсээ итгэл аваад, урамшаад, тэгээд л явсан даа.
“Шилдэг хамгаалан тоглогч”-оор “Аравт” багийн тамирчин Б.Өнөрзаяа нэрлэгдлээ.


“Аравт” багийн тамирчин Б.Өнөрзаяа: Анх жүдогоор хичээллэж байсан би бөхөө орхиод сагсан бөмбөгтэй нөхөрлөсөн
Энэ шагналыг авсандаа миний хувьд сэтгэгдэл маш өндөр байгаа. Өмнө жил “Хасын Хүлэгүүд” багаас аварга авсан байгаа.
Энэ жил “Аравт” багаас санал ирээд, тэр саналыг нь хүлээж аваад, өөрийгөө шинээр сориод энэ жил “Аравт” багийнхаа өмнөөс зүтгээд энэ шагналыг авсандаа маш их баяртай байна. Мэдээж багаа солих шийдвэр маш хүнд байсан. Тэгээд ямар ч байсан өөрийгөө өөр багт сорьж үзье. Өөрийгөө бас шинээр нээж үзье гээд ийм шийдвэр гаргасан. Тэр дундаа мэдээж “Аравт” багийнхнаа таньдаг. Өмнө нь тоглож байсан. Шигшээ багт тоглож байсан найз нөхөд, эгч нар байсан болохоор уусч нэг баг болж, хамт тоглоход ямар нэгэн асуудалгүй, маш гоё байсан.
Би өөрөө жаахан хөдөлгөөнтэй, тийм сахилгагүй хүүхэд байсан. Тэгээд бөмбөг харахаар л ер нь бол гудамжинд ах, эгч нартайгаа шийт, сагсны талбай дээр гэрийнхээ гадаа тоглож өссөн. Сагсан бөмбөг биш анхны хичээллэсэн спорт маань жүдо бөх байлаа. Барилддаг байсан. Тэгэж байгаад оюутан болоод О.Баярцогт багшийн удирдлаган дор “Этүгэн” сургуульд ороод тэгээд жүдогоо орхиод, сагсан бөмбөг рүү ороод явчихсан.
“Шилдэг Олон улсын тоглогч”-оор “Улаанбаатар Амазонс” багийн легионер тамирчин Грэйс Берг тодров.


“Улаанбаатар Амазонс” багийн тамирчин Грэйс Берг: Монгол улс соёл уламжлалын хувьд таатай орон
Намайг үнэлж энэхүү шагналыг гардуулсанд маш их талархаж байна. Энэ бол манай баг, багийн гишүүд болон бидний хөдөлмөрийг үнэлсэн явдал юм. Шагнал авахдаа хэлсэнчлэн Амазонс багт, Монгол улсад тоглох боломж олгосон явдалд маш их талархаж байна. Цагийг маш сайхан өнгөрүүллээ. Монголын сагсан бөмбөгийн холбоо болон багтаа баярлалаа. Шагнал гардуулах ёслол болох тухай хоёр өдрийн өмнө л мэдсэн, ёслолд өмсөх хувцас байхгүй байсан учраас өчигдөр найз залуутайгаа хамтдаа дэлгүүр хэсэж, хувцас авсан. Найз залуу маань энд ирчихсэн байгаа юм. Түр хугацаагаар ирээд, буцах өдрөө 7 хоногоор сунгачихсан. Түр ирж байгаа учраас түүнд ёслолын хувцас байгаагүй. Финалд шалгарч, хожихыг хүсэж байна. Мөн багийнхантайгаа амжилтаа хуваалцаж, хамтдаа цагийг сайхан өнгөрүүлэхийг л хүсэж байна. Маш их таалагдаж байгаа, сэтгэл дундуур үлдсэн тохиолдол гараагүй л бна. Монгол орны хоол нь маш амттай. Миний орох дуртай газрууд гэвэл Сүхбаатарын талбайн хойно байрлах Bites байна, хэд хэдэн хятад зоогийн газар байгаа, идэж үзсэн бүх л хоол маань гоё байсан. Муухай хоол таараагүй. Соёл уламжлалын хувьд ч таатай газар. Гэрээсээ хол байх хэцүү ч надад олгож байгаа боломжууд нь бас багийнхан маань намайг гэр бүлийнхээ гишүүн мэт хүлээн авдаг нь надад сайхан санагддаг.


МСБХ-ны эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2024-25 оны улирлын шилдгүүдийг танилцуулъя.
Шилдэг шинэ тоглогч – Б.Гэрэлмаа (АОДЭ М Винкс)
Шилдэг зургаа дахь тоглогч – М.Сэргэлэн (Аравт)
Амжилт нь ахисан тоглогч – Т.Үлэмж (Омни Хүлэгүүд)
Шилдэг хамгаалан тоглогч – Б.Өнөрзаяа (Аравт)
Шилдэг дасгалжуулагч – Фран Гарсиа (Улаанбаатар Амазонс)
Шилдэг олон улсын тоглогч – Грэйс Берг (Улаанбаатар Амазонс)
Үнэ цэнтэй тоглогч буюу MVP – Б.Ариунцэцэг (Улаанбаатар Амазонс)
2024-2025 оны улирлын “Шилдэг”-ээр тодорсон тамирчдын амжилтын үзүүлэлтийг хүргэж байна.
- МСБХ-ны эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2024-25 оны улирлын Үнэ Цэнтэй тоглогч /MVP/ шагналын эзнээр Улаанбаатар Амазонс багийн тоглогч Б.Ариунцэцэг тодорлоо. Тэрээр энэ улиралд 15 тоглолтод 19.0 оноо, 9.7 самбар, 2.9 оновчтой дамжуулалт, 49 хувийн довтолгоо дунджилсан байна. Мөн Улаанбаатар Амазонс баг нь улиралд “14-1” амжилт үзүүлж, лигийн амжилтын хүснэгтийг тэргүүлсэн юм.
- МСБХ-ны эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2024-25 оны улирлын Шилдэг олон улсын тоглогч шагналын эзнээр Улаанбаатар Амазонс багийн тоглогч Грэйс Берг тодорлоо. Тэрээр энэ улиралд 19.9 оноо, 7.5 самбар, 2.7 оновчтой дамжуулалт дунджилсан байна.
- МСБХ-ны эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2024-25 оны улирлын Шилдэг дасгалжуулагч шагналын эзнээр Улаанбаатар Амазонс багийн дасгалжуулагч Фран Гарсиа тодорлоо. Улаанбаатар Амазонс баг энэ улиралд “15-1” амжилт үзүүлж, лигийн амжилтын хүснэгтийг тэргүүлсэн юм.
- МСБХ-ны эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2024-25 оны улирлын Шилдэг хамгаалан тоглогч шагналын эзнээр Аравт багийн тоглогч Б.Өнөрзаяа тодорлоо. Тэрээр энэ улиралд 15 тоглолтод 9.8 оноо, 4.2 самбар, 3.3 оновчтой дамжуулалт, 3.8 бөмбөг таслалт дунджилсан байна.
- МСБХ-ны эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2024-25 оны улирлын Амжилт нь ахисан тоглогч шагналын эзнээр Омни Хүлэгүүд багийн тоглогч Т.Үлэмж тодорлоо. Тэрээр өнгөрсөн улиралд 2.7 оноо, 5.3 самбар, 0.8 оновчтой дамжуулалт дунджилж байсан бол энэ улиралд 15 тоглолтод 8.0 оноо, 7.4 самбар, 1.1 оновчтой дамжуулалт дунджилжээ.
- МСБХ-ны эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2024-25 оны улирлын Шилдэг зургаа дахь тоглогч шагналын эзнээр Аравт багийн тоглогч Б.Сэргэлэн тодорлоо. Тэрээр энэ улиралд 15 тоглолтод 8.5 оноо, 3.3 самбар, 1.9 оновчтой дамжуулалт, 39 хувийн довтолгоо дунджилсан байна.
- МСБХ-ны эмэгтэй Үндэсний Дээд Лигийн 2024-25 оны улирлын Шилдэг шинэ тоглогч шагналын эзнээр АОДЭ М Винкс багийн рүүки тоглогч Б. Гэрэлмаа тодорлоо. Тэрээр энэ улиралд 15 тоглолтод 9.6 оноо, 3.7 самбар, 2.8 оновчтой дамжуулалт, 42 хувийн довтолгоо дунджилсан байна.