“Хилэнт эх” хэмээх модон Луу жил улиран одож, Могой жил гарах гэж байна. Хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд шинэлнэ. Айлууд бууз, баншаа бэлтгэж, ах дүү амраг садандаа бэлэг бэлдэж, өмсгөл зүүсгэлээ хүртэл шинэчилдэг.
Багшийн дээд орчмоор явж буй иргэдээс асуухад ихэнх нь цагаан сарынхаа буузыг хийж амжаагүй байгаа, хүйтрэхийг хүлээж байна гэж байлаа. Бууз хийхгүй худалдаад авчихдаг гэх иргэн ч байв.
Иймд бид хоёрдугаар сарын цаг агаарыг Цаг уур, орчны шинжилгээний газраас тодрууллаа.
Цаг уурч Б.Жаргалан “Зүүн аймгууд болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа. Хоёрдугаар сарын хамгийн хүйтэн өдрүүд 7, 8, 9. Хоёрдугаар сарын 20-ны үеэр бас хүйтрэх боловч 7, 8, 9-ний өдрүүдийн хүйтнийг гүйцэхгүй.
Одоо Хэнтийн нурууг дагасан газрууд болон Орхон Сэлэнгийн сав газраар шөнөдөө -35-аас -39 градустай байгаа. Улаанбаатар хот болон бусад энгэр ээвэр газруудад -24-өөс -29 градус хүйтэн хонож байна. Увсын Тэс, Завханы сумууд болон Баянхонгорын Гурванбулагт шөнөдөө -38-аас -42 градустай хонож буй. Дээр дурдагдсан гурван өдөр хүйтний эрч 3-5 градусаар нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр зүүн аймгуудын нутаг, төвийн нутгийн хойд хэсэг гээд ийм уул ихтэй газруудаараа -40 гарч хонох байх” гэлээ.
Товчхондоо бол цагаан сарын буузаа амжиж хөлдөөх гурван өдөр байна.