
Г.Дамдинням: Бензин шатахуунаа бид хангалттай хэмжээгээр нөөцөлсөн болохоор иргэд сандарч тэвдэх хэрэггүй
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нөөц болон хангамжийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Олон улсын геополитикийн нөхцөл байдал, тухайлбал Ормузын хоолойн хямрал болон ОХУ-ын дайны нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны хангамжийг тогтвортой байлгах нь дэлхий нийтэд томоохон бэрхшээл болоод байна. Гэвч манай улс ОХУ-тай тогтоосон олон жилийн найрсаг хөршийн харилцаа, Засгийн газар хоорондын идэвхтэй хэлэлцээрийн үр дүнд А-92 бензинийг тус улсын дотоодын үнээс хоёр дахин хямдаар, дизель түлшийг ч хамгийн таатай нөхцөлөөр тасралтгүй нийлүүлж байна. Сүүлийн жилүүдэд дотоодод тодорхой хязгаарлалтууд үүсэж, өнгөрсөн дөрөвдүгээр сард дизель түлшний хангамж хүндэрсэн ч өнөөдрийн байдлаар нөхцөл байдал харьцангуй тогтворжиж, оочер дараалал үүсэх асуудалгүй болсон. Гэрээний дагуу хэрэв шатахууны үнэ гурван сар дараалан хөдөлбөл үнийн асуудлыг дахин зөвшилцөх зохицуулалттай. Бид ОХУ-ын талтай өнөөдөр ч дахин холбогдож, хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх тул одоогоор сандарч тэвдэх асуудал байхгүй. Дашрамд дурдахад, БНХАУ болон Казахстан улсууд дотооддоо түлшний хомсдолтой байгаа тул тэдгээр улсаас дизель түлш импортлох боломжгүй байна.
Өнгөрсөн 36 жилийн хугацаанд үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шатахууны 3–6 сарын нөөцтэй болох зорилт тусгагддаг байсан ч хэрэгжиж байгаагүй. Төрийн бодлогын алдаанаас шалтгаалан өнөөдрийг хүртэл ердөө нэг сар хүрэхгүй хугацааны хадгалах савны багтаамжтай явж ирсэн. Иймд Засгийн газраас тусгай хууль өргөн барьж, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох замаар энэ онд 105 мянган метр куб багтаамжтай хадгалах савыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ирэх онд дахин ийм хэмжээний хүчин чадал нэмэгдэх бөгөөд улмаар 2028 он гэхэд бид гурван сарын хэрэглээний нөөцөө хадгалах сав суулганы багтаамжтай болно. Энэ бол анх удаа хэрэгжиж буй стратегийн томоохон бодлого юм.
Шатахууны салбар бол төр, хувийн хэвшил хамтарч авч явдаг бүтэцтэй. Улс өөрөө сав суулга эзэмшиж, нөөц бүрдүүлэхээр хулгай зэлгий гардаг төвөгтэй асуудал үүсдэг тул хувийн хэвшлийг дэмжих нь зүйтэй. Цаашид бид газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж ашиглалтад оруулснаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах нөхцөл бүрдэнэ” гэв.
Б.Уранзаяа
Дэлгэрэнгүй видео тодруулгыг үзэх линк:








