Бөх сонирхогч Д.Дэлгэрсайхан “Зодогтон” хэмээх үндэсний зоогийн газар нээжээ. Түүний гэргий Б.Батцэцэг үндэсний бөхийн зодог, шуудаг оёдог. Наймдугаар ангийн сурагч байхаасаа оёж эхэлжээ. Тэд хоёул бөхөд элэгтэй хүмүүс ажээ.
Ийнхүү шинээр үүд хаалгаа нээгээд буй зоогийн газарт нь зочиллоо.
Дархан аварга Н.Батсуурь, Улсын арслан Б.Орхонбаяр, Р.Пүрэвдагва, Ц.Бямба-Отгон, Ц.Содномдорж, Улсын начин Э.Энх-Амгалан, Д.Амаржаргал, Х.Цогтгэрэл, Б.Түвшинтөгс тэргүүтэй бөхчүүдийн зургаар зоогийн газрынхаа ханыг чимжээ. Мөн Э.Энхбат агсны зураг бас байлаа.
Тэрбээр “Э.Энхбат начныг харж, шүтэж өссөн. Монгол үндэсний бөхөө сонирхдог. Тохижилтоо өөрөө хийсэн. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. Хаалганыхаа дээд талын зайд, гадаа, цонхныхоо шилэн дээр гээд ер нь тэр чигээр нь бөхийн зурагтай, үндэсний уур амьсгалтай болгоно гэж бодож байгаа. Ямартай ч бүх аваргуудын зургийг байршуулна.
Э.Батмагнайн зургийг яагаад тавьсан бэ гэхээр, бөхийн бүх шинж агуулсан залуу. Биеэ хачин сайхан авч явна. Уран барилдаантайг ч хэлэх үү. Ц.Содномдорж арслан их гоё характертай. Гоё ч барилддаг. Уран барилдаантай бөх дөө. Н.Батсуурь аварга бол хэр баргийн хүнд байгаад байдаггүй характертай. Би их дэмждэг юм. Ер нь бүгдийг нь л дэмждэг дээ” гэлээ.
Бусад хоолны газруудаас юугаараа онцлог юм гэж үү?
- Орж ирсэн үйлчлүүлэгч болгонд шар тосоор зуурсан боорцог, шар тосоор самарсан арвайн гурилтай цай үнэгүй өгдөг.
- Хоолондоо элдэв амтлагч биш монголын хөрсөнд ургасан сонгино саримс, гоньд, жууцай хийдэг.
- Мэдээж цагийн хувиар. 10.00-00.00 цагийн хооронд ажилладаг.
-Бөхчүүдээс хамгийн түрүүнд орж ирж, танайхаар үйлчлүүлсэн бөх хэн байна вэ?
-Яг одоогоор үйлчлүүлээгүй байгаа. Гэхдээ үйлчлүүлэх сураг бол сонсогдож байна лээ. Ирэх байх гээд хүлээгээд байж байна даа.
Түүний хувьд үндэсний хоолны тогооч мэргэжилтэй нэгэн. Үндэсний хоолоо дэлхийд таниулах амбицтай. Тэр утгаараа хоолны газартаа ааруул цагаан идээ, айраг, сүү гээд үндэсний юмсаа зардаг болно хэмээн бодож байгаа гэнэ. Мөн тэрбээр үндэснийхээ хувцастай үйлчлүүлэгч ороод ирвэл хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөж буйгаа нуусангүй.
Хаяг нь: Баянгол дүүрэг, 2-р хороо Төмөр замын дээд сургуулийн Баруун талд шинэ баригдсан “Кристал од” барилгын 1 давхарт
Өв соёл талаасаа зөв юм
Хаана байрлалтайг нь бичээгүй байх юм
Хөөрхөн газар байна