Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх” асуудлыг хэлэлцлээ.
Төсөл хэрэгжих хугацаанд Зүүнбаянгийн төмөр замыг өртгөтгөж, 160 километр засмал болон сайжруулсан автозам татаж, 500 хүн амтай жижиг тосгон байгуулагдах бөгөөд нийтдээ 1600 гаруй хүн ажиллахын 17 нь гадаад, үлдсэн нь Монгол Улсын иргэн байх юм. Мөн газар дор уусган баяжуулах технологийг дэлхийн нийт ураны үйлдвэрлэлийн 54-60 хувьд ашиглаж байгаа, олборлохуйц хэмжээний ураны нөөцтэй давхаргын усыг олборлолтоос өөр зориулалтаар ашиглах боломжгүй, хүн, мал амьтанд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг төслийн хүрээнд хийх бөгөөд нөлөө бүхий гэж үзвэл бүс нутгийг малгүй болгож, малчдад нөхөх олговор олгохтой холбоотой зохицуулалтууд гэрээний төсөлд тусгажээ.
Түүнчлэн зардлын шинжтэй төлбөр, хураамжийг Монголын талын өгөөжид тооцуулахгүй авч үлдэж чадсан, маркетингийн төлбөрийг хөрөнгө оруулагч талын өгөөжид 2.0 хувиар тооцож байгаа, аюултай хог хаягдлын менежментэд нийт 2.3 сая ам.доллар, хүхрийн хүчлийн үйлдвэр барихад 96.2 сая ам.доллар төлөвлөсөн байна.
Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Бүгд Найрамдах Франц Улсад бүртгэлтэй “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхөөр ирүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 79,3% дэмжсэн тул Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөнд тооцсон УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр дээрх хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгож байгаа юм.