Төслийн хүрээнд нийт 16 аймгийн 700 ойн нөхөрлөлүүд, 38 орон нутгийн ойн ангиудын 1,500 гаруй хүмүүст гал унтраах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хамгаалалтын тусгай хувцсыг хүлээлгэн өгөх бөгөөд ойн түймэр унтраах анхан шатны нэгжүүдийн ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чадавхыг нэмэгдүүлэн ажиллана. Түүнчлэн, эдгээр анхан шатны нэгжүүдэд бүрэн хэмжээний сургалт орох, ойн түймрийн загвар зураг болон ойн түймрийн менежментийн санхүүжилтийн төлөвлөгөөг боловсруулан гаргах ба 2025 оны 2-р сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.
Ойн түймрийн давтамж 2021-2023 онд өсөн нэмэгдсээр байгаа нь орон нутгийн иргэд, зэрлэг амьтад болон байгаль орчинд ноцтой аюул учруулж байна.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань “Ойн түймэр нь олон нийтийн эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой аюул учруулж байна. 4,700 гаруй километрээр хиллэдэг чухал хөршүүдийн хувьд ойн түймэртэй тэмцэх нь БНХАУ, Монгол хоёр улсын хувьд чухал ач холбогдолтой. Тиймээс БНХАУ-ын засгийн газар Монгол Улсад гал түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулахад тууштай дэмжлэг үзүүлэх болно” гэв.
Уг Үйл ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуань, НҮБХХ-ийн (UNDP) Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска, ЗГХА Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар оролцож, тоног төхөөрөмжийг гардуулав. Төслийн хүрээнд нийтдээ 350,000 ам.доллартой дүйцэхүйц гал унтраах тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийг хүлээлгэн өгнө.