Баянзүрх болон ойр хавийн бүх л худалдааны төвийн худалдаа эрхлэгчид түүнийг “Ука” гэж дуудан нааштай хандана. Эх эцгээс оноож өгсөн нэр Жаргалсайханы Цогтсайхан. Тэрбээр юу ч сонсож, ярьж чадахгүй. Гэвч ажил хийхдээ хэл яриатай хүнээс ч илүү сайн бусадтай ойлголцож нямбай, цэвэрхэн хийдэг талаар хамтарч ажилладаг хүмүүс нь хэлж байв.
Б.Пүрэвдорж Баянзүрх захын худалдаа эрхлэгч
УКА-ТАЙ ОЙЛГОЛЦОХ ЗАРИМ ХЭЛ, УСТАЙ ХҮНТЭЙ ОЙЛГОЛЦОХООС Ч АМАР БАЙДАГ
Ука маань хэлтэй, устай хүнээс л дээр шүү дээ. Хэчнээн хэл амаараа ярилцаж ойлголцохгүй ч “Би ийм юм хиймээр байгаа юм чи туслаад өгөөч” гээд дохио зангаагаар илэрхийлэхэд “За” л гэдэг. Төвөгшөөгөөд, бухимдаад, уурлаж уцаарлах юм байхгүй. Бид ч Ука-гаа ажилд дайчилж хүнд зүйлс зөөлгөсөн бол мөнгө төгрөгийг нь гомдоохгүй өгөхийг хичээдэг. Өөрөө ч мөнгө төгрөгөндөө тооцоотой, хямгатай хүн. Хүн болгонд тустай, ажилсаг, хөдөлмөрч, хичээнгүй хүнийг ялгаварлаж, гадуурхалгүй ажил төрлийг нь хийгээд өгдөгт нь баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна даа.
УКА: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ГЭЭД ХАЛАМЖ АВААД НИЙГМЭЭС ТУСГААРЛАГДААД СУУХЫГ ХҮСДЭГГҮЙ
Би ажил хийж хөдөлмөрлөх дуртай, сайхан байдаг юм. Энэ худалдааны төвийнхөндөө тусалж бараа зөөж өгдөг. Зөөж байгаа бараагаа цэгцтэй хураах нь бас миний үүрэг. Надад хурааж хуримтлуулсан мөнгө бий. Олон хүнд тус дэмтэй явдаг учир тэд ч надад цалин хөлсийг минь сайн өгдөг. Би хөгжлийн бэрхшээлтэй гээд халамж аваад нийгмээс тусгаарлагдаад суухыг хүсдэггүй. Багаасаа л ажил төрөлд сайн олонтойгоо байсан. Миний уриа “Ажил хийж олсон мөнгө амттай”.
Ука өмнө нь Баянзүрх дүүрэгт зам талбайн арчлалт, үйлчилгээ хариуцан ажилладаг байжээ. Хийж байгаа ажилдаа дэндүү өөриймсөг ханддаг тэр хог, шүлсээ хаясан нэгэнд өөрийнхөө чадахаар шаардлага тавьж ад болон зодуулж нүдүүлэх тохиолдол цөөнгүй гарч байж. Тиймээс нагац эгч нь ажлаас гаргасан байна. Харин одоо ажиллаж байгаа худалдааны төвийнхөнтэйгөө их л элгэмсүү дотно бөгөөд өглөө 6 цагт босоод л ажилдаа яаран очдог гэнэ.
О.Энхмаа Худалдаа эрхлэгч
БИ УКА-ГИЙН УЛААН ФЕН НЬ ШҮҮ ДЭЭ
Та хоёр хамт ажиллаад хэр удаж байна вэ? За байз 2014 оноос эхлээд өдийг хүртэл ажиллаж байна. Укагийн ажилсагийг манай энэ хавийнхан бүгд мэднэ. Ногоо, жимс, мах гээд л бүх лангууны хүмүүст тусална. Манай зах гэлтгүй ойр хавийн бусад дэлгүүр захынханд ч тусалдаг юм. Хөгшин хүмүүст ч тортой зүйлийг нь өргөж өгч байгаа харагддаг. Нэг тийм хайр ундарсан сайхан хүн. Ажилгүй үедээ тун ч цэвэрхэн, донжтой хувцаслана шүү дээ. Ачаа бараа зөөж байгаа үедээ л ийм хувцастай байдаг юм. Түүнийг цэвэрчээр нь гүйцэх хүн ховор байх шүү. Бид дохио зангаагаар Ука-тай торох юмгүй ярьж ойлголцоно. Бидэнд ч өөрөө бүх л зүйлээ ярьдаг юм. Төрөл садан, ах дүүс нь гэж сайн хүмүүс бий. Төв аймгийн Жаргалант суманд амьдарцгаадаг. Ука маань үе үе нутаг, ах дүүс рүүгээ явна. Тэр үед нь бид Укагаа ярьна. “Тэгж байгаа даа, ингэж яваа даа” гээд л. Хүү шиг минь л санагддаг болж дээ.
Баянзүрх дүүргийн 19-р хорооны оршин суугч
ОЙР ОРЧИМДОО ХАЛУУН ДУЛААН ЭНЕРГИ ЦАЦРУУЛЖ ЯВДАГ АЖИЛСАГ ХҮҮ ДЭЭ
Манай 19-р хороонд амьдардаг хүү байгаа юм. Энд долоо, найман жил ажиллаж байгаа байх их ажилсаг. Гэртээ их л цэмцгэр суудаг байх. Гудманд явж байхдаа ч энд тэнд байгаа хогийг аваад хогийн саванд хийж харагддаг юм. Ах нь дохионы хэл мэдэхгүй учир юм ярьж үзээгүй ээ. Гэхдээ л энд тэнд явж байгааг нь ажиглахад л ойр орчиндоо сайн сайхан энерги цацруулж явдаг сайн хүү дээ.
Хорвоо түүнд хатуурхаж сонсгол, хэл яриа, элэг бүтэн амьдрал заяасангүй. Гэвч тэр энэ бүхнийг сөрж хүнийг хайрлах нинжин сэтгэл, хөдөлмөрч нямбай зан, халуун дотно хамт олныг өөрийн чадлаар бүтээж чаджээ.
Ихээр битгий үүрээрэй. Нуруугаа хайрлаарай УКА минь.