ОХУ-ын Краснодарын хязгаарт шатахуун зөөвөрлөдөг хөлөг онгоц осолдсоны дараа 5.6 мянга гаруй шувууг мазутын бохирдлоос нь салгаж аварсан талаар тус улсын Онцгой Байдлын Яамны харъяа бүс нутгийн ерөнхий газраас даваа гарагт мэдээллээ.
“Аврах төвд 5.6 мянга гаруй шувуудыг угааж цэвэрлэн, аварсан” хэмээн онцолжээ. Кубаны шуурхай штабын мэдээлснээр, “Краснодар Сафари” цэцэрлэгт хүрээлэнд мянга орчим шувууг хүлээн авчээ. “Бохирдсон шувуудыг гурван долоо хоногийн турш өдөр бүр ихэвчлэн автобусаар зөөж авчирч байгаа” талаараа тус хүрээлэнгийн худалдааны захирал Кристина Ханаху ярьсан байна. Одоогоор 245 орчим шувууг байгальд нь буцааж тавиад байгаа гэдгийг Кристина онцоллоо. Шувуу судлаачид болон малын эмч нарын баталснаар тэдгээр шувууд одоо айх аюулгүй болсон байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн захирал нэмж хэлэхдээ, хүрээлэн дахин 600 шувуу хүлээн авахад бэлэн байгаа аж.
Ослын талаар дурдвал, арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Керчийн хоолойд “Волгонефть 212”, “Волгонефть 239” хэмээх шатахуун тээвэрлэгч хөлөг онгоц осолдож, түлш асгарсан. Өөрөөр хэлбэл, газрын тосны бүтээгдэхүүнүүд эрэг дагуу асгарч, 60 гаруй км газрыг бохирдуулсан юм. ОХУ-ын Тээврийн Яамны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, хоёр хөлөг онгоц осолдох үед газрын тосны бүтээгдэхүүн ачиж явсан дөрвөн ч цистерн эвдэрч, 2.4 мянган тонн орчим мазут далай руу урссан аж. Кубаны эргээс нийтдээ 102 мянга гаруй тонн элс, түлшний тосыг цэвэрлэн зайлуулжээ. Арванхоёрдугаар сарын 25-нд Краснодар хязгаарын захирагч Вениамин Кондратьев тус бүс нутагт онц байдал зарласан ба арванхоёрдугаар сарын 26-нд нь ОХУ-ын Онцгой Байдлын сайд Александр Куренковоор ахлуулсан Засгийн газрын комисс холбооны хэмжээнд онцгой байдал тогтоох шийдвэр гаргаад байгаа юм.