Худалдаа, хөгжлийн банк нь 2024 онд төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) стандартын шинэчлэгдсэн хувилбарыг амжилттай нэвтрүүллээ.
Ингэснээр уг олон улсын стандартыг 8 дахь жилдээ бүрэн хангаж, аюулгүй байдлын үнэлээч (Qualified Security Assessor – QSA) байгууллагаас уг стандартын 4.0 хувилбарын батламжаа хүлээн авлаа.
Энэхүү стандартыг анх 2006 оны 9-р сард төлбөрийн карт эзэмшигч харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, сайжруулах зорилгоор American Express, Discover Financial Services, JCB International, MasterCard Worldwide болон Visa International зэрэг дэлхийд тэргүүлэгч 5 байгууллага хамтран гаргаж байсан билээ.
Худалдаа, хөгжлийн банк нь анх 2017 онд тус стандартыг нэвтрүүлж байсан. ХХБ PCI DSS стандартыг хангах ажлын хүрээнд төлбөрийн картаар хийгдэх луйврын болон залилангийн гүйлгээг илрүүлэх, урьдчилан сэргийлэх процессыг бий болгож, энэ төрлийн эрсдэлийг бууруулдаг.
Энэ удаад шинэчлэгдсэн 4.0 хувилбарыг нэвтрүүлснээр бизнесийн гол цөм болох харилцагч, хамтран ажиллагч, түнш байгууллагуудынхаа төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалж, зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, устгах, задруулахаас сэргийлээд байна.
Түүнчлэн бид мэдээллийн аюулгүй байдлын удирдлага, бодлого, үйл ажиллагаа, дэд бүтцийн зохион байгуулалт, программ хангамжийн хөгжүүлэлтийн аюулгүй байдлын орчныг бий болгон олон улсын жишигт нийцүүлэн ажиллаж байна.
Энэ мэтчилэн ХХБ таны төлбөрийн картын болон бусад санхүүгийн гүйлгээг найдвартай хамгаалан олон улсын жишигт нийцүүлэн ажиллаж буйгаа мэдээлэхэд таатай байна.
Бид цаашид ч харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын түвшинд чандлан хамгаалж, хариуцлагатай найдвартай санхүүгийн үйлчилгээг та бүхэнд хүргэж ажиллах болно.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК