![06b46bd1-919d-4ac7-8e89-dbd22bfb6a47](https://urug.mn/wp-content/uploads/2025/01/06b46bd1-919d-4ac7-8e89-dbd22bfb6a47.jpg?v=1736139607)
Хяналт, шалгалтад нуруугаа авахуулсан Хөгжлийн банк “зээл олгох” айдаст хүлэгдсэн
2022 оны нэгдүгээр сард анх Хөгжлийн банкны зээлийн багцыг олон нийтэд дэлгэж, банкнаас олгосон зээлүүдийн чанар, зээл олголтын процесс, ажил хариуцаж байсан албан тушаалтнуудын үйлдэл, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч байсныг та бүхэн мэдэж байгаа. Тухайн үед банкны нийт актив хөрөнгө нь 3.3 их наяд төгрөг, үүнээс 67 зээлдэгчийн 3.2 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэйгээс 1.8 их наяд төгрөг нь чанаргүй зээл байсныг мэдээлж байсан.
2022 оны 1 сарын 31-нд УИХ-ын даргын Захирамжаар Ажлын хэсэг байгуулагдаж, 3 сарын 29-нд Ерөнхий сонсгол зохион байгуулагдаж, 4 сарын 15-нд УИХ-аас 14 тоот тогтоол гаргаж, Хянан шалгах түр хороог байгуулан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөгдөлтийн байдлыг шалгахаар болж, тавдугаар сарын 4-нд чанаргүй зээлийг төлүүлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авах Ажлын хэсэг байгуулагдсан.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банканд УИХ-аас хоёр, Засгийн газраас гурав, Монголбанкнаас дөрөв, Үндэсний аудитын газраас дөрөв гээд нийт 13 удаагийн хяналт шалгалт хийж, 202 зөрчил илрүүлсэн.
Үүнээс:
- 29 нь хууль эрх зүй
- 35 нь засаглал
- 61 нь зээл
- 18 нь хөрөнгийн удирдлага
- 55 нь дотоод үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүд шалгаж, зөвлөмжүүд хүргүүлсэн.
Сонсгол явагдсанаас хойш Банкны үйл ажиллагааг хэвийн болгохын төлөө чанаргүй активтай нилээд ажилласан. Нийт 33 зээлдэгчийн 1.4 их наяд төгрөгийн зээл, хүү төлөгдөж, бүрэн хаагдсан ба 22 зээлдэгчийн 400.0 тэрбум төгрөгийн зээл хүү нийлээд 1.8 их наяд төгрөг төлөгдсөн байна.
Монголбанкнаас тавьсан шаардлагын хүрээнд зээл төлөгдөхөд учирч болзошгүй эрсдлээс хамгаалах санг 770.0 тэрбум төгрөгөөр байгуулсан ба банкны өөрийн хөрөнгө хорогдож, хуримтлагдсан алдагдал 538.0 тэрбум төгрөг болсон. Засгийн газар, Сангийн яамнаас дүрмийн санг нэмэгдүүлээгүй, өөрийн хөрөнгийн дутагдалд орсон хэвээр байсаар байгаа учраас санхүүгийн үзүүлэлтүүд баланс дээрээ сайжраагүй хуримтлагдсан алдагдал нь өссөөр ирсэн юм.
Хөгжлийн банк богино, урт хугацаанд хэрэгжүүлэх стратегиа боловсруулж, хэрэгжүүлж ажиллана
З.Нарантуяа Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал:
Хөгжлийн банк үйл ажиллагаагаа сэргээх хэрэгтэй байна. Монгол Улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах том төслүүдийг санхүүжүүлдэг, хөрөнгийг нь босгож өгдөг хөгжлийн институт сүүлийн 3-4 жил унтаа байдалд орсон. Шалтгаан нь тус банкны удирдлагын буруу үйл ажиллагаа, чанаргүй зээлийн асуудлаас болсон. Дөрвөн жилийн хугацаанд маш олон байгууллагууд ирж шалгасан, олон зөвлөмж чиглэлүүд өгсөн. Гэсэн хэдий ч энэ байдал сэргэж чадаагүй байна. Учир нь үлдсэн 37 чанаргүй зээлийг төлүүлэх үйл ажиллагаа эрчимтэй үргэлжилж байна. Зээлээ төлж чадахгүй болон төлөхөөс зайлсхийсэн хүмүүсийн зээл үлдсэн. Бидний цэгцлэхийг зорьж буй асуудлуудын нэг номерт санхүүгийн үзүүлэлтээ сайжруулж балансаа цэвэрлэх юм.
Тус зээлүүдийг 4 хуваан авч үзэж цэгцэлж байна. Хууль, шүүхийн байгууллагаар хураагдсан бараа, барьцаанууд зарагдах үйл ажиллагаа хийгдэж байгаа. Бид хэвийн зээлүүдээ цааш үргэлжлүүлээд олгоод явна. Төрийн өмчийн компаниудтай холбоотой зээлүүдийг нэн яаралтай шийдэх хэрэгтэй. Үлдэж буй 20 гаруй зээл дээр өөр менежмент хийх хэрэгтэй. Ямарваа нэгэн төсөл хөтөлбөр хэрэгжих явцад гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гарах, бизнес нь саатах, улс төрийн гэнэтийн шийдвэртэй холбоотой хэрэгжиж байсан төслүүд зогсох үед тухайн үйл ажиллагаа гацалтанд орж болохгүй. Энэ төсөл рүү тодорхой хөрөнгийг хувийн сектор болон Хөгжлийн банк оруулсан. Тиймээс оруулсан хөрөнгийнхөө үр шимийг олж авахын тулд заавал ч үгүй ажиллана. Гацалтанд орсон төслүүдэд дахин санхүүжилт хийж, бүтцийг нь өөрчилж, менежментийг нь чиглүүлж, төр оролцож, хувьцааг нь эзэмших замаар хяналтаа тогтоож тус зээлүүдийг төлүүлэх ёстой.
Банк байгуулагдсанаас хойш 11.8 орчим урт хугацаат эх үүсвэр татан төвлөрүүлж ажилласнаас өнөөдрийн байдлаар 1.6 их наядын үлдэгдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 10 гаруй их наядыг буцаан төлсөн, сүүлд 2023 оны 10, 12 саруудад 500.0 сая ам. долларын Евро бонд, 30.0 тэрбум йенийн Самурай бондын төлбөрийг хугацаанд нь барагдуулж олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ бие даан гүйцэтгэн олон улсын зах зээл дээрх байр сууриа хадгалсан.
44 зээлдэгчээс 19 зээлдэгч 494.5 тэрбум төгрөгийг төлж, зээлээ бүрэн хаасан
Хөгжлийн банкнаас зээл авсан ч эргэн төлөөгүй аж ахуй нэгжүүдтэй холбогдуулан тус банкнаас 44 холбогдогчтой нэхэмжлэх шүүхэд гаргасан.
Иргэний хэргийн шүүх
Одоогоор 553.5 тэрбум төгрөгийн дүн бүхий 7 зээл Иргэний шүүхээр хянагдаж байна. Өнгөрсөн хугацаанд иргэний шүүх дээр 44 зээлдэгчийн 1,562.9 тэрбум төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийг нэхэмжилсэнээс 37 зээлдэгчийн 1,235.4 тэрбум төгрөгийн зээлийг шүүхээр эцэслэн шийдвэрлэснээс 19 зээлдэгч 494.5 тэрбум төгрөгийг төлж, зээлээ бүрэн хаасан. Хууль шүүхийн ажиллагааны явцад хэвийн төлөлттэй байсан зээлүүд нэлээд төлөгдсөн, энэ хугацаанд банкны үндсэн үйл ажиллагаа зогссон зэргээс банкны хүүгийн орлого хумигдаж, орлого, зарлагын баланс алдагдсан байна.
Үлдсэн 18 зээлийн 666.9 тэрбум төгрөгийн дүн бүхий 16 зээлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлсэн. 521.0 тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна. Нийт зээлийн барьцаанд авсан хөрөнгүүдийн үнэлгээ 1,796.4 тэрбум төгрөг байгаа ба дуудлага худалдаагаар үнийн дүнгийн 70, 50 хувиар худалдан борлуулахад зээл, хүүгийн төлбөрийн 40-50 орчим хувийг л хангахаар байгаа нь банкны хувьд зээл, барьцаа хөрөнгийн харьцаа алдагдсан, худалдан борлуулж чадлаа гэхэд төлбөрийг бүрэн төлж хүрэлцэхгүй, учрах хохирол өндөр байхаар байна. Зээлүүдийн хугацаа хэтрэлт дунджаар 1813 хоног байна. Шүүхээр шийдвэрлэх процесс мөн 1,100 гаруй хоног үргэлжилж байгаа нь барьцаа хөрөнгүүдийн үнэ цэнийг буурахад нөлөөлж байна.
Шүүх дээрх хөрөнгийн үнэлгээ зарим тохиолдолд хэт өндөрөөр, заримдаа зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдэж, анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар зарагдаагүй тохиолдолд хөрөнгийг төлбөр хүлээн авагчийн хувьд Банкинд санал болгож өгөхөд эрсдэл учруулж байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу энэ тохиолдолд үнэлгээний дүнгээр шилжүүлж бүртгэж байгааг эргэж харах шаардлага үүсчээ.
Шүүхээр шийдвэрлэх процесс 1,100 гаруй хоног үргэлжилж байгаа нь барьцаа хөрөнгүүдийг үнэгүйдэхэд нөлөөлж байна
Б.Амгалан Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал:
Хөгжлийн банк 44 зээлдэгчийн 1,5 их наядын зээлийн үлдэгдлийг нэхэмжлэхээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс 37 зээл дээр шүүхийн шийдвэр гарсан. Үлдсэн 7 зээл нь хянагдаж байгаа. 500 тэрбум орчим төгрөг буюу 19 зээл төлөгдсөн. Үлдсэн 18 зээл нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай явж байгаа. Эдгээр зээлийн үлдэгдэл 700 тэрбум орчим төгрөг байна. Тус процесс хуулийнхаа дагуу явагдаж дуусна.
Эрүүгийн хэргийн шүүх
Эрүүгийн 9 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 22.1.2 буюу албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх гэмт хэрэгт 80 иргэн шалгагдсанаас:
-
- Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал – 3;
- Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга – 3;
- Хөгжлийн банкны мэргэжилтэн – 10;
- Хөгжлийн банкны хэлтсийн захирал – 4;
- Хөгжлийн банкны Зээлийн хорооны гишүүд – 15;
- Хөгжлийн банкны ТУЗ-н гишүүд – 18;
- Улс төрийн албан тушаалтнууд – 4;
- 29 аж ахуйн нэгжийн захирал, албан тушуултанууд, түүнтэй холбоотой этгээдүүд байгаа.
19 зээлдэгчийн 378.3 тэрбум төгрөгийн хохирол нэхэмжлэгдсэнээс 132.2 тэрбум төгрөгийн хохирол төлөгдсөн байна. Шүүх дээр тодорхой шалтгаанаар нэхэмжлэл хүлээн аваагүй, оргон зайлсан, эрүүгийн хуулийн хяналтын шатнаас хэрэг дахин буцсан зэргээр хуулийн процедур удааширч байгаагаас зарим зээлийн хувьд учирах хохирол улам нэмэгдсээр байгаа нь зээл, хүүгийн найдваргүй авлагыг улам нэмэгдэхэд хүргэж байна.
Засгийн газартай хамтран томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх суурь нөхцөлүүдээ бэлдэж байна
Хөгжлийн банкны одоогийн удирдлагуудын өгч буй мэдээллээр 2025 оны хоёрдугаар улирлаас эхлээд зээл олголт эхэлнэ. Өнгөрсөн 2 сарын хугацаанд Хөгжлийн банканд үүсээд байсан эрсдэлүүдийг хэрхэн шийдвэрлэх төлөвлөлт гаргаж, цаашид авах арга хэмжээгээ тодорхойлсон тухайгаа өнөөдөр танилцууллаа.
Тэд богино хугацаанд балансаа цэвэрлэх буюу Засгийн газрын байгууллагууд, орон нутгийн болон төрийн өмчийн компаниудтай холбоотой нийт 805.7 тэрбум төгрөгийн зээл хүүгийн авлага байгааг Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд яаралтай барагдуулах, Засгийн газар өөрөө хариуцах төрийн өмчийн 489 тэрбум төгрөгийн зээл, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран шийдэх 226.6 тэрбум төгрөгийн өр авлага, Төсвөөс (Засгийн газрын Батлан хамгаалах яам, ХХААХҮЯ, Эрчим хүчний яамд) шүүхийн шийдвэрээр Хөгжлийн банканд 168.2 тэрбум төгрөгийн зээлийг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 6.3-т “Хөгжлийн банкны алдагдлыг нөөц сангийн хөрөнгөөр нөхөх боломжгүй тохиолдолд нэмэлт хөрөнгө олгох эсэхийг хувьцаа эзэмшигч шийдвэрлэнэ” гэж заасан. Тиймээс Хөгжлийн банкны дүрмийн санг 700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлээд байна.
Түүнчлэн хүний нөөцийн чадавхиа сайжруулж, төслийн санхүүжилт хийх мэргэжлийн ажиллагсадыг богино хугацаанд сургаж бэлтгэх, Хууль эрх зүйн шинэчлэл хийх буюу Хөгжлийн банкны үй ажиллагааны эрх зүйн орчинд шинэчлэл хийхээр хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсныг Засгийн газраас дэмжээд буй аж.