“Үрчлүүлнэ” гэсэн эзнийхээ зараар олон ч хүний хайрыг татаад амжсан муур бол Бүдүүнээ. Хоёр сарын өмнө Хороололд тун чиг хэцүүхэн байдалтай байхад нь эзэн нь олж авчээ. Үс нь сагсайж, хөл нь хөлдчихсөн юм шиг хүв хүйтэн байсан тухай, гэртээ авчирч ирээд усанд оруулж, үсийг хуссан тухай М.Энхцолмон охин ярьж байлаа. Түүний хувьд МУИС-ийн оюутан. Анх таван настайдаа муур тэжээж, алив юмсыг харлах сэтгэлд багаас суралцжээ. Бүдүүнээ бол түүний гурав дахь муур.
-Бүдүүнээгээ үрчлүүлэх хэвээрээ юу?
-Манайх нэг мууртай. Бүдүүнээтэй маань эвтэй нартай амьдарч чадах эсэхийг нь бид хэсэг ажигласан л даа. Би бидээ дасаж өгөхгүй жаахан хэцүү байх үиг болохоор нь Бүдүүнээгээ сайн хүнд үрчлүүль гэж шийдэцгээсэн юм. Үрчүүлнэ гэсэн зарын дор маш олон хүн эерэг сэтгэгдэл үлдээсэн байна лээ. “Идэр-Одтой адилхан юм байна. Идэр-Од гэж нэрлээч” гэсэн хүмүүс ч байсан. Маш олон хүн үрчлэхээр хандсаны дийлэнх нь гадаад дахь монголчууд. “Бид удахгүй Монголд очно. Бүдүүнээг харж, хандаж байж болох уу, Очоод авъя” гэцгээсэн. Бас зарим нь “Бүдүүнээг гадаад руу авч явж болох уу” гэсэн. Бид Бүдүүнээгээ гэртээ л үлдэх ёстой юм байна гэж бодоод, үрчлүүлэхээ больсон.
-Амьтан тэжээхийн сайхнаас дурдаач?
-Амьтан тэжээдэггүй байхад манай гэр бүлийнхэн тал, талд утсаа оролдоод суучихдаг байсан. Муур тэжээснээс хойш утастай гэдгээ ч бараг мартацгаасан даа. Орой ажил, хичээлээсээ тарж ирээд мууруудаа эрхлүүлж, бөмбөгөөр хамт тоглоод л…
Өдөр нь энэ хоёрынхоо хөгжилтэй зургуудыг харж, юу хийж байгаа бол, хоолгүй бөөн юм болж байгаа даа гэж бодон гэр рүүгээ яаран, яаран очдог. Ер нь бол мууртай болсноос хойш гэр бүлийн уур амьсгал илүү дотно болсон юм шиг санагддаг. Эгдүүтэй, харах тусам хайр хүрэм, гэр бүлийн маань гишүүн шүү дээ, тэд чинь.
-Муурын хоол, элс гээд сар бүр тодорхой хэмжээний зардал гардаг. Хоёр мууртай болоод зардал нэмэгдсэн байх. Санхүүгээ хэрхэн зохицуулж байна?
Сая хоёр мууртай болоод элс, хоол гээд зардал нь жаахан нэмэгдсэн ч аав, ээж маань их дэмтэй байдаг. “Энэ сард нь элсийг нь бид даая, чи хоолыг нь даа” гээд л хоорондоо ээлжилчихдэг. Хааяа нэг цагийн ажил хийгээд, тэдгээрийгээ авчихна аа, асуудалгүй.
-Амьтан тэжээхээр төлөвлөж буй хүмүүст Бүдүүнээ та хоёрын зүгээс зөвлөгөө өгөөч?
-Ер нь бол хүмүүс хүүхдүүддээ төрсөн өдрөөр нь муур авч бэлэглэдэг. Авмаар байна гэхэд нь л аваад өгчихдөг. Гэтэл өнөө амьтан нь энд тэнд бааж, шээнэ. Элсэн дээр нь бие засуулж сургана. Усанд оруулна. Хумсыг нь авч сургана. Вакцинд хамруулна гээд эзнээс шалтгаалах зүйл маш их. Эдгээрийг тооцоолж, тухайн амьтнаа гэр бүлийнхээ гишүүн болгоход итгэл төгс болсон цагтаа амьтан тэжээгээрэй.
Арван жилийн сурагч дүү нар болон амьтан тэжээхээр төлөвлөж буй хүмүүст хэлэхэд эхлээд сайн бодоорой. Бас харшилтай эсэхээ тэжээхээсээ өмнө сорил тавуилж байж мэдээрэй. Тэгэхгүй бол сэтгэл хөөрлөөр амьтан авч тэжээгээд уйдахаараа, залхахаараа гудамжинд хог шиг хаячихаж болохгүй. Манай улс чинь Гэрийн тэжээвэр амьтаны тухай хуультай шүү дээ.