
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаглал ил болсноор иргэд орлогоо нотлохыг шаардаж, шаардлагын дагуу ерөнхий сайд огцрох уу, засаг унах уу гэх мэт олон асуудал хөвөрсөн.
Харин МАН-ын бага хурал өнгөрөгч лхагва гараг буюу энэ сарын 21-нд болсон. Тус хуралдаан өдрийн 15 цагт эхэлсэн бөгөөд 22-ний шөнийн 03:30 минут орчимд дууссан. Энэ үеэр Ерөнхий сайд өргөдлөө өгнө хэмээн хэлсэн гэж бага хурлын гишүүд мэдээлсэн ч дөрвөн өдөр буюу 97 орчим цаг өнгөрсөн байхад одоо болтол албан ёсоор өргөдлөө өгөөгүй байна.
Өргөдлөө өгөөгүйгээр барахгүй олон дагагчтай цахим хаягууд, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, “Ерөнхий сайдаа үргэлжлүүлэн ажиллуулъя, ажлаа яг өгнө гэж хэлээгүй” мэтээр мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ нь магадгүй Ерөнхий сайдын зүгээс өөрсдөө тарааж буй мэдээлэл гэж иргэд мөн хардан сэтгэгдлээ илэрхийлжээ.
Тэр үнэхээр нийгэмд тарааж байгаа энэ мессежийнхээ дагуу ажлаа өгөхгүй гүрийхээр шийдсэн үү, эсвэл маргааш ээлжит бус чуулган зарлаж, УИХ-аар өөрийнхөө огцрох асуудлыг хэлэлцүүлэх үү? гэдэг нь тодорхой болохоор байна.
Уг нь МАН-ын бага хурлаас гарсан тогтоолд, хамтарсан засгийн газрыг дэмжихгүй, хамтарсан засгийн газар байгуулах өмнөх бага хурлын тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл МАН-ын бага хурлын шийдвэр бол эрх баригч намын гол шийд. Тиймээс УИХ дахь МАН-ын гишүүд дагаж, мөрдөхөөс аргагүй.