2023 оны наймдугаар сард, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахаар үүрэгдсэн. Ингэхдээ хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ярьж байв.
Хагас коксон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээг мидлинг буюу сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад дэгдэмхий 51.9%, хүхэр 57.7%, үнслэг 37.2%-иар тус тус бага, хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72.6%, хүхэрлэг хийн хэмжээ 85.5%, угаарын хийн хэмжээ 10.8%, азотын исэл 23.5%-иар тус тус буурсан үр дүн гарсан байна. Гэсэн ч энэ ажил хөрсөн дээрээ эс бууж, 2019 оноос хойш сайжруулсан түлшийг шинэчилж сайжруулаагүй явсаар өнөөдөртэй золгосон талаар Тавантолгой түлш ХХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат хэллээ.
-Сайжруулсан түлш хэрэглээнд нэвтэрснээс хойш таван жил өнгөрч, олон мянган хүн угаартаж нас барсан. Түлшний орцыг өөрчилж, сайжруулах алхам хийв үү?
-2019 оноос хойш бид нэг л төрлийн нүүрс буюу Инержи Ресурс ХХК-ийн Ухаа худаг уурхайн нүүрсийг хэрэглэж байна. Бүтээгдэхүүнийхээ түүхий эдэд ямар нэг өөрчлөлт оруулаагүй.
ХАРАМСАЛТАЙ НЬ МАНАЙД ХАГАС КОКСЫН ҮЙЛДВЭР БАЙХГҮЙ
-2023 онд Хагас коксон түлш хэрэглээнд нэвтрүүлэх тухай ярьж байсан. Тэр ажил нь бүтээгүй юм уу?
-Бид Эрчим хүчний яамтай хамтарч хагас коксон нүүрсний туршилтын ажлыг хийсэн. Тухайн туршилтын үр дүн маш сайн гараад, утаагүй болох дараагийн шат бол хагас коксон түлш юм гэх үр дүнд хүрсэн. Харамсалтай нь манайд хагас коксын үйлдвэр байхгүй, хагас кокс нь ч байхгүй учраас, шууд шилжих боломжгүй. Б.Чойжилсүрэн сайдын хэлсэн зүйлд өвлийн ид үе буюу 12-1 дүгээр сарын хооронд утаа ихтэй бүс газар хагас коксон түлш хэрэглүүлэх асуудал ярианы түвшинд явж байсан. Гэвч энэ ажил дээр дурдсанчлан бүтээгүй.
-Түлшний орц найрлагад өөрчлөл орчихсон юм биш үү? 2019 онд утааны хэмжээ мэдэгдэхүйц багассан. Гэтэл одоо бараг урдахаа харж чадахгүй болчихлоо.
-2019-2020 оныг хүмүүс жишиж их ярьж байна. Утааг бол маш олон хүчин зүйл бүрдүүлж байна. Агаарын бохирдлын 51 хувь нь шаталтаас ялгарч байгаа. 30 гаруй хувь нь машины яндангаас ялгарч байгаа утаа, хөдөлгөөнөөс бий болж байгаа тоос тоосонцор. Бусад нь цахилгаан станц гэх мэт олон хүчин зүйлээс бий болдог. Энэ судалгааг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх орчноос гаргасан байна. Сайжруулсан түлшийг хэрэглээнд оруулах шийдвэр зөв байсан. Энэ бол богино хугацааны бодлого. Дунд хугацаандаа түлшнийхээ чанарыг сайжруулж, хагас коксон түлш рүү шилжих байсан. Харамсалтай нь тийм боломж гараагүй.
НҮҮРСНИЙ ОРЦ, НАЙРЛАГА ЯГ ХЭВЭЭРЭЭ БАЙГАА
-Цаашдаа сайжруулсан түлшинд шинэчлэл хийх төлөвлөгөө байхгүй хэрэг үү? Хэр удаан хугацаанд бид хар утаандаа хордоод амьдрах юм бэ?
-Бид өнгөрсөн хугацаанд зүгээр суугаагүй ээ. Дотоодынхоо болон гадаадын олон туршлагыг судалсан. Одоо байгаа нүүрсээ хэрхэн сайжруулж, шаталтыг нь дэмжих үү гээд судлаад л байна. Ирэх оноос шахмал түлшээ сайжруулах ажлаа хийж, үр дүнгээ үзүүлэх байх.
-Анх сайжруулсан түлш үйлдвэрлэхдээ үнс болдог, угаар болдог бодисыг нь шүүчхээд, одоо бол бараг хог хаягдлаар нүүрсээ хийдэг болчихсон юм биш үү гэх олон нийтийн хардлага байна. Үүн дээр тайлбар хэлээч?
-Үгүй. Нүүрсний орц найрлага яг хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл Ухаа худгийн баяжуулж ангилсан нүүрсийг л хэрэглэж байгаа. Нэг эх үүсвэрээс нүүрсээ авч байгаа учраас огт өөрчлөгдөөгүй.
-Орц найрлагад нь өөрчлөлт ороогүй мөртөө утааны хэмжээний ихсээд байгаа нь нүүрснээс биш бусад зүйлсээс болсон гэсэн үг үү?
-Жилд нэмэгдэж байгаа машины тоо хэд билээ. 50-100 мянгаар нэмэгдээд байх шиг байна. Энэ нь утаанд нөлөөлж байгаа. 2019-2020 онд утаа багасдаг жил түүхий нүүрсийг бүрэн хориглосон байсан. ААН-үүд хүртэл түүхий нүүрс түлээгүй. 2021 оноос хойш 174 ААН Багануурын түүхий нүүрс хэрэглэж байна. Түүхий нүүрснээс ялгарах утаа сайжруулсан түлшнээс хоёр хоёр дахин их байдаг. Айл өрх буюу яндангийн тоо ч өссөн. Тухайн үед 160 мянга гаруй өрх байсан бол одоо 200 мянга гаруй гал түлдэг өрх байна. Утаа бий болгож олон эх үүсвэр бий гэж хэлээд байгаа нь энэ. Зөвхөн шахмал түлш түлээд, утаа ихсээд байгаа юм биш.