Монголын Бурханы Шашинтны Төвийн Тэргүүн лам нарын зөвлөл хуралдаж байна. Хуралдааны үеэр хэлэлцсэн зарим асуудлын талаар “Жавзандамба хутагт” төвийн багш, Гавж Д.Нямсамбуугаас тодрууллаа.
Тэрээр, Монголын бурхны шашны төвийн тэргүүн лам нарын зөвлөлийн хурал бол салбарыг бүхэлд нь зөвлөн шийдэж байгаа хамгийн дээд хурал юм. Энэ хурлаар нийт 21 аймгийн шашны төв, цаашаа дамжаад 200 гаруй сумдад байгаа сүм хийдүүдийн үзэл санааг нэгтгэдэг. Есөн дүүрэгт байгаа харьяа бүх хийд, Улаанбаатарт байгаа 60 гаруй хийдийн төлөөллүүд энэ хуралд оролцдог.
Зарим сумд огт сүм дугангүй, сүм дугантай атлаа шашны үйл ажиллагаа явуулдаггүй, лам хувраггүй тохиолдол тун олон байна. Энэ цаагуураа юу гэсэн санаа вэ гэхээр, тэр суманд хэдэн мянган иргэд, хөдөлмөрчдийн шүтэх, бишрэх эрх чөлөө хангагдахгүй байна.
Мөн уншлага зан үйлүүдийг монгол болгох, нэгдсэн орчуулгатай болгох нь тэргүүн лам нарын зөвлөлийн анхаарах ажлуудын нэг. Зан үйлүүдийг монголоор хийлээ гээд бүх асуудал шийдэгдчихгүй. Хамгийн гол зүйл нь буддын сургаалыг тайлбарлах, ойлгох явдал. Энэ мэдлэг нь монгол хэл дээр явах нь чухал. Түүнээс тодорхой судалгааны хэл дээр үзэх нь ямар ч зүйлд байдаг. Жишээлбэл математикийн нарийн томьёо дээр монгол хэл гэж байхгүй, өөрийн хэлтэй. Анагаахын хэллэг мөн адил. Түүнтэй ижил буддын сэтгэл судлал, философи өөр хэлэнд орчуулахад бэрх байдаг. Тэгэхээр судалгааны хэл гээд явж байна. Нийтэд тайлбарлах, өдөр тутмын амьдралдаа буддын үнэт зүйл, итгэл үнэмшил, философи, ёс суртахуун, анхааран авлага буюу өдөр тутмын практик бол бурхны шашнаар явах нь маш чухал.
Гандантэгчэнлин хийдэд тогтмол бурхны шашны сургалтууд явагдаж байна. Монгол хэл дээр үйл ажиллагаагаа явуулдаг шашны олон төвүүд, Зүүн хүрээ гээд олон хийдээр явж байгаа сургалтууд бүгд монгол хэл дээр явагддаг. Үүн дээр нэмэгдээд уншлага зан үйлүүдийг монгол хэл рүү шат дараалалтайгаар оруулах энэ үйлдэл бол бодлогын түвшнээс гадна хэрэгжилтийн түвшинд хийгдээд эхэлж байна” гэлээ.