Монгол Улсын Засгийн газраас ирэх 2025 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад хоёр сарын хугацаа өнгөрлөө. Төсөөллөөс давсан тэлэлттэй 2025 оны төсвийн орлогыг түүхэнд байгаагүй өндөр дүнтэй буюу 36.7 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөг, зарлага 35.8 их наяд төгрөг байхаар тооцжээ.
Тэгвэл төсвийн орлогын 87 хувь буюу 31.9 их наяд төгрөгийг татвараар бүрдүүлэхээр тооцсон нь аж ахуйн нэгж, иргэд 2023 оноос 49 хувиар илүү буюу 10.5 их наяд төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр болоод байна. Үүнтэй холбоотой бизнес эрхлэгчид, төсөв тэлэлтийн ачааллыг дааж чадахгүй гэдгээ илэрхийлсээр буй.
Угтаа МАН, АН, ХҮН нам нэг хөнжилд шургаж, хамтарсан Засгийн газар байгуулахдаа, төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтлах талаараа амалж байсан нь саяхан. Тэд амлалтаасаа ухарч, эдийн засгийн мөчлөг дагуулан өндөр төсөв батлуулах гэж байгаа нь эсэргүүцэлтэй нүүр тулаад байна. Дэлгэрүүлбэл, 2023 оны төсөвтэй харьцуулахад төсвийн орлого 15.0 их наяд төгрөг буюу 68.8 хувиар, төсвийн зарлага 13.4 их наяд төгрөг буюу 60.0 хувиар, урсгал зардал нь 9.1 их наяд төгрөг буюу 53.9 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Харамсалтай нь МАН “Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл бууруулах”, АН “Монгол улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танах”, ХҮН нам “Төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтлах” гэсэн амлалтаа орхиж байна. Өөрөөр хэлбэл “Амалжийнаааа” гээд суудал авсан эрх баригчид ард түмэн рүү ус цацах болов.
Төсвийн хэт тэлэлт нь эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж, хувийн хэвшлийн орон зайг улам бүр хумих үр дагавартай бөгөөд татвар, нийгмийн даатгалын шимтгэл, зээлийн хүүгийн ихээхэн ачаалал, дарамт дор байгаа бизнес эрхлэгчдийн хувьд 2025 онд ирэх татварын ачааллыг тэсвэрлэхэд маш хүнд болно гэж энэ долоо хоногт МҮХАҮТ-ийн удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргасныг бид өмнө нь мэдээлсэн.
Өмнөх мэдээг ЭНД дарж үзнэ үү
Засгийн газрын зардал огцом нэмэгдсэн, сайд нарын багцад танаж болохуйц зардал, хөрөнгө оруулалт олон байгаа нь тодорхой болсоор…
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу
- албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин,
- тавилга, эд хогшил, урсгал зардлын зардал 121.3 тэрбум төгрөгөөс 267.9 тэрбумд хүрч 2.2 дахин,
- хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийн шинээр тараах,
- мэдээллийн технологийн үйлчилгээ 19.4 тэрбум төгрөгөөс 69.3 тэрбумд хүрч 3.6 дахин,
- бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр 737.5 тэрбум төгрөгөөс 1.9 их наяд хүрч 2.5 дахин,
- бараа үйлчилгээний бусад зардал 450.5 тэрбум төгрөгөөс 964.2 тэрбумд хүрч 2.1 дахин өссөн байна.