Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн байранд 10:00 цагаас эхэллээ. Тэрээр шүүх хурлаа нээлттэй, ил тод шүүлгэх хүсэлт гаргаж, 72 цаг өлсгөлөн зарлаад байсан юм. Гэвч шүүхээс түүний хүсэлтийг хүлээж авсангүй. Шүүх хурал хаалттай горимоор явагдаж байна.
БИД ХЭД ХОНОГ Ч СУУЛТ ЗАРЛАСАН ЯАХ ВЭ. ОХИНЫ МИНЬ БИЕ ХҮНД БАЙНА
Энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж ярихдаа, “Охиноо өглөө харлаа. Жаахан эвгүйхэн л боллоо. Өлсгөлөн зарлаад ирж байгаа хүн шүү дээ. 72 цаг хоол цай ч уугаагүй. Сая чирээд л орчихлоо. Даанч биднийг уулзуулсангүй. Уг нь хэсэгхэн хугацаанд ч болов уулзуулчих болов уу гэж бодож байсан юм. Бидний хоёр хоногийн суулт яах вэ дээ. Охин минь өлсгөлөн зарлаад гурав хоночихлоо. Бөөрний дутагдалтай гэж оношлогдсон байна. Үүнд л их санаа зовж байна. Биднийг уг нь харчхаад наашаа тэмүүлсэн. Даан ч хэдэн цагдаа нар нь ухарч, урагшлаад дүрсийг нь харуулахгүй хаагаад байна билээ. Шүүхийн шийдвэр үнэн зөв гараасай гэж хүсэхээс өөр зүйл хэлж чадахгүй байна” гэж ярилаа.
ӨМЧГӨӨЛӨГЧ П.ЭРХЭМБАЯР ЮУ ЯРИВ
Харин сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрээр, “Өмгөөлөгч нарын зүгээс хоёр хүсэлт гаргана. Нэгийг нь энд дурдах боломжгүй. Хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд, УИХ-ын зарим гишүүд, ХЭҮК гээд хэргийн оролцогч биш субъектууд шүүх хуралд ажиглагчаар оролцох, олон нийтэд нээлттэй явуулах хүсэлт гаргасан байна. Шүүгдэгч өөрөө ч энэ хүсэлтээ гаргаж өгсөн. Гэхдээ шүүх бүрэлдэхүүнд дахин тусгаарлаж, нээлттэй явуулах хүсэлт гаргана” гэсэн юм.
Шүүх хурал хаалттай болсон тул Н.Өнөрцэцэг яг ямар хэрэгт холбогдсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөлгүй өдийг хүрсэн. Түүнийг,
13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах” зүйл ангиар буруутгаж, 2 жилийн хорих ял оноов.
13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”. Үүнд, Боловсролын зээлийн сангийн зээл авсан тухай нийтэлсэн мэдээлэл, Ц.Гарамжавын зээлийн асуудлыг мэдээлсэн, Шүүхийн нэр төрд халдсан буюу ШЕЗ-ийн гомдол зэрэг дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдээс гаргасан гомдол байв. Үүнд гурван сарын зорчих эрх хязгаарлах ял оноосон.
18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийсэн” гэж үзэж 1 жилээр зорчих эрх хязгаарлав;
18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” . 57 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн орлогоо захиран зарцуулж мөнгө угаасан хэргээр 6 сарын хорих ял оноов.
19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах”. Өөр бусад этгээдийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийн хураан авсан гэх бичиг баримтад улсын нууцад хамаарах баримт бичиг байсан гэх бөгөөд үүнийг Н.Өнөрцэцэг хадгалсан, олж авсан гэж буруутган 1 жилийн хорих ял оноосон байдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯРМАА ШҮҮХИЙН БАЙР РУУ НЭВТРЭВ
Харин УИХ-ын Ж.Баярмаа шүүхийн байр руу нэвтэрч, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Шүүхийн хэвлэлийн ажилтан эмэгтэйгээс мэдээлэл аваад гарч ирлээ. Үнэмлэх, нэвтрэх төдийд л асуудал ярилаа. Тэгэхээс шүүх хурал руу бас орох боломжгүй. Нэгэнт хаалттай л бол хэнбугай ч байсан орох эрхгүйг ойлгох хэрэгтэй. Хаалттай гэж үзсэн нь буруу эсэх нь тусдаа асуудал. Би орох эрхгүйгээ мэдэж байгаа. Нэвтрэлтийн тал дээр сая асуудал үүсээд ойлголцсон. Ер нь бол бид шүүхдээ итгэх, хайрлах ёстой. Эд нар чинь жинхэнэ дэнслэнэ. Мэдээж гэмт хэрэг үйлдсэн хүнд тодорхой хариуцлага заавал хүлээлгэх ёстой. Гэмт хэрэг үйлдчхээд зүгээр явж байж болохгүй. Тэгэхээр энэ бүхнийг чинь дэнсэлж шүүдэг нь шүүх. Шүүхийн хараат бус байдлыг улам нэмэгдүүлэх тал дээр яах ёстой дээр толгойгоо ажиллуулах ёстой юм байна. Надад шүүх танхимаа сая танилцууллаа. Жишээ нь, иргэд ирж суудаг нэг давхрын өрөө маш нарийхан. Тойроод суучихсан. УИХ дээр шүүхийн хөрөнгө оруулалттай асуудал нэлээд яригдсан. Шүүх гурав дахь засаглал гэдгээрээ бие даасан төсвийн хувьд хараат бус байх нь зөв. Тийм учраас би судалъя гэж бодож байгаа. Бусад улс орны шүүх байгууллага байдаг шиг төсвийн нийт зарлагын тодорхой хувийг шүүх засаглалд зориулна гээд хувилаад тавиад өгчихмөөр юм билээ. Тэгж байж магадгүй манай шүүхийн тайван тухтай ажиллах боломж нэмэгдэх юмшиг байгаа юм. Дээрээс нь шүүгчээр ажиллах хүн тэр болгон их байхаа больж байгаа тийм аюул байгааг шүүгчид ярьж байгаа. Тэгэхээр бид нар шүүгчийн цалин хөлсний асуудлыг ч ярих ёстой юм билээ.
Өнөөдөр маш их хэл амтай, маш их асуудал дагуулдаг ийм ажил мэргэжил. Буруу шийдвэр гарах, алдаж онох нь ч байдаг л байх. Зөв бурууг дэнслээд ажиллаад явж байгаа нь дийлэнх гэж үзэж байгаа. Энэ бүгдийг хараат бусаар ажиллуулах, шударга байх тал дээр санхүүгийн төсвийн ямар боломж байх нь уу тэр тал дээр ажиллая гэж бодож байгаа. Тэгж байж сая хүн болгоны хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэдэг дээр бид нар итгэлтэй байх магадлал ихэснэ.
Энэ хурлыг бүхэлд нь хэсэгчлэн гэж заасан. Бид хуулийг нь эргэн харах хэрэгтэй. Хаана нь яаж салгахыг бүхэлд нь эргэн харах ёстой. Хуулиудын цоорхой байхыг үгүйсгэхгүй. Эргээд хууль тогтоогч бид нарын буруу л байх. Хууль бол яавал хүний эрх дээд зэргээр хангагдах вэ гэдэг өнцгөөр л шүүгдэх ёстой” гэв.