Зулын 25-ны их дүйчэн өдөр ирэх Даваа гарагт тохионо
Хүний хараа яагаад мууддаг, хараагаа хэрхэн хамгаалах, тэглэх мэс заслын талаар АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн багш Д.Довчинжамцын зөвлөгөөг хүргэж байна.
- Хараа муудах шалтгаан олон янз байдаг. Орчин үед бол дэлгэц удаан хугацаагаар ширтэх нь хараа муудах байдалд оруулж байна. Ерөнхийдөө дэлгэц удаан хугацаат хэрэглээнээс шалтгаалан ойрын харааны ачаалал ихэсч, яваандаа холын хараа муудаж эхэлдэг. Нүдний эмч, эмнэлгүүд дэлхийд мэдрэлийн эмгэгүүдийг урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авч ажилладаг. Ер нь нүдний өвчин үүсчихсэн хойно нь бүрэн буцаан эмчлэх боломж анагаах ухааны төвшинд одоогоор байхгүй. Нэг ёсондоо мэдрэлийн эсүүдийг шинээр төлжүүлэх, тэдгээр шинээр төлжсөн мэдрэлийн эсүүд хоорондоо холбогдон үйл ажиллагаа нь сэргэх боломж тун ховор гэсэн үг. Иймээс өвчнөө эрт оношлуулан даамжруулахгүйн үүднээс эмчилгээгээ зөв хийлгэж явбал хүний харааны үйл ажиллагаа яг хэвийн хүн шиг хадгалагдах боломжтой. Бид ойрын зайны буюу хагас метрээс дотогшоо зайтай зүйлсийг харахдаа тодорхой хугацааны хязгаартай байх шаардлагатай.
- Хараа тэглэх мэс заслыг тохирсон хүндээ зөв хийх юм бол асуудалгүй, сайн үр дүнтэй мэс засал. Гэхдээ дийлэнх хүмүүсийн асуудал юу байна вэ гэхээр нүдний хуурайшилт байдаг. Хараа тэглэх буюу лазер мэс заслын дараа нүд хуурайшдаггүй байсан хэвийн хүмүүст ч тодорхой хэмжээгээр хуурайшилт үүсч эхэлдэг. Нүдний хуурайшилттай холбоотой хамгийн түрүүнд мэдэх зүйлсийг хүн болгон анзаарах шаардлагатай.
- Хүмүүс хараа тэглэх мэс засал хийсний дараа хараа нь бүрэн сайжирч, дахин муудахгүй мэт ойлгодог. Гэвч бидний буруу зан үйлээс болоод хараа аажимдаа муудаж эхэлдэг учраас хэрэв тухайн зан үйл тэр хүнд хэвээрээ байгаа л бол аажимдаа мөн хараа бага багаар муудаж байна. Энэ мэс засал нь хүний харааг тэр чигт нь эргэшгүйгээр сайжруулаад тогтоож байгаа зүйл огт биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
ХАРААНЫ ЛИНЗ ЗӨВ СОНГОЛТ УУ?
- Харааны шил, контакт линз, эсвэл хараа тэглэх мэс засал, мөн нүдний алимны дотор линз суулгаж өгдөг ICL гээд хагалгаа байна. Энэ бүхнийг тухайн хүний хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн эмчилгээ үйлчилгээг санал болгодог. Түүнээс биш заавал яг нэгийг нь хэрэглэлээ гээд туйлын сайн гэсэн үг биш. Гэхдээ мэдээж нүдэндээ мэс ажилбар хийлгэх нь мэс ажилбар хийлгээгүйгээс илүү эрсдэлтэй. Мэс ажилбар хийлгэхгүй байлаа гэвэл нүдний шил зүүх үү, контакт линз зүүх үү гэвэл нүдний шил нь илүү дээр гэж хэлнэ. Яагаад гэвэл бидэнд нүдний бүрэн бүтэн байдлыг алдагдуулах эсвэл нүдэн дээр нь нэг юм аваачаад суулгачих нь огт юм суулгахгүй байгаагаас илүүтэй нүдэнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тэгэхээр энэ болгоныг хүн бүр ирж үзүүлэн өөрт юу тохирох, ямар эмчилгээ сайн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө авч байх хэрэгтэй. Би өвчтөнүүдээ аль болох харааны шилээ зүүж бай гэж зөвлөдөг. Учир нь, харааны шил нүдэнд ямар нэг байдлаар сөрөг нөлөө үзүүлэх байдал бага юм. Контакт линзийг бол шаардлагатай буюу шил зүүх боломжгүй үед зүүж болно. Зүүхдээ тухайн зөвшөөрөгдөх хугацаанд, зөв контакт линзээ байнга цэвэрлэж ариутган хэрэглээд байх юм бол асуудалгүй. Гол нь өдөр бүр удаан хугацааны турш хэрэглэсэнтэй холбоотой нүдэнд бага багаар өөрчлөлтүүд орж байдаг. Тухайн хүн линз ашиглахдаа хэр зөвлөгөө, асаргаа дагаж байна гэдгээс хамаарна гэсэн үг. Тийм учир шууд муу, эсвэл зүгээр гэж хэлэхэд учир дутагдалтай.
УДААН ХУГАЦААНД НҮД НЭЭЛТТЭЙ БАЙСНААР ХУУРАЙШДАГ
- Хүн жирийн үед нүдээ ойролцоогоор 6-10 сек тутамд нүдээ анивчиж байх ёстой бол дэлгэц харж байх үед энэ нь уртасдаг гэж хэлнэ. Нэг ёсондоо нүдээ анивчиж цавчихгүйгээр илүү удаан хугацаанд нүд нээлттэй байдаг. Үүнтэй холбоотой их хэмжээгээр нүд хуурайшдаг.
- Бид бүхний нүдийг чийглэдэг зүйл бол нулимс. Судалгаанд дурдсанаар хүний нүдний нулимсыг өглөө оффисын ажилд ирэх үед авч шинжлэн үзсэн байдал болон өдрийн цайны цагаар болон оройн цагт нулимсыг дахиад авч, өглөөнийхтэй харьцуулаад үзэхэд нулимсны найрлагад өөрчлөлт орсон байдаг. Удаан хугацаагаар дэлгэц хэрэглэх тусам улам их өөрчлөлт ордог буюу нүд чийгшүүлэх чадвараа алдаж байна гэсэн үг. Үүнтэй холбоотой нүдэнд улайлт, хорсох зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд зарим хүн нүдээ аниад юм хармааргүй санагддаг гэж хэлдэг.