Мэргэжилтнүүдийн өгсөн мэдээллээр Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.6 жил байгаа аж. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм байна. Тиймээс Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах 4 жилийн хугацаатай үндэсний хэмжээний төлөвлөгөөг боловсруулжээ. Үүнтэй холбоотойгоор Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг-тэй ярицлаа.
ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГЭЭР ОХУ ТЭРГҮҮЛЖ МАНАЙ УЛС 12-Т ЖАГСАЖ БАЙНА
Монгол улсад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт эмэгтэйчүүд 76.6 эрэгтэйчүүд 66.7 буюу 9.6 жилийн зөрүүтэй байгаа. Дэлхийд дундаж наслалтын хамгийн их зөрүүтэй орон бол бидний сайн мэдэх Оросын холбооны улс 10.8 жилийн зөрүүтэй. Тэгвэл дундаж наслалтаар хамгийн бага зөрүүтэй улс бол Бутан улс 0.04 буюу эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүү нь 4 сар байна. Монгол улсын ерөнхий сайдын 71-р захирамжаар эрэгтэй эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах төлөвлөгөөг саяхан жендэрийн үндэсний хороо батлууллаа. Энэхүү төлөвлөгөөг 2024-2027 оны хооронд үндэсний хэмжээнд төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд,олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд эрэгтэйчүүдийнхээ наад зах нь амьдралын дадал хэвшлийг нь өөрчлөх, дундаж наслалтад нөлөөлж байгаа хүчин зүйлсүүдийг бууруулах мөн хөвгүүдэд багаас нь амьдралын зөв дадал хэвшлийг суулгах ажлуудыг хийхээр төлөвлөсөн.
2023 ОНД БҮРТГЭГДСЭН НИЙТ НАС БАРАЛТЫН 63 ХУВЬ НЬ ЭРЧҮҮД БАЙНА
Манай улсад нийт амиа хорлолтын 85 хувийг эрэгтэйчүүд үйлдэж байна гэсэн судалгаа байдаг. Үүнээс гадна өнгөрсөн жилийн байдлаар үйлдвэрлэлийн осолд өртөж нас барсан хүмүүс бүгд эрэгтэйчүүд байсан гэх судалгаа байгаа юм. Эрүүл мэндийн өвчлөлийн шалтгаант нас баралтад ч эрэгтэйчүүдийнх өндөр хувьтай байдаг. Өнөөдөр эрэгтэйчүүдийн жендэрийн асуудал үндэсний хэмжээнд яригдахуйц зүйл болсон. 2020 онд Монгол улсад эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн кабинет улсын хэмжээнд дөрөвхөн ширхэг байсан. Ийм нөхцөл байдалтай байхад эрэгтэйчүүд хоорондоо нэгдэж нийлж ийм хэрэгцээ шаардлага байна ч гэдэг юм уу энэ талаар хоорондоо огт ярилцаагүй. Үүнээс юуг харж болох вэ гэхээр Монгол эрчүүд өөрсдөдөө тулгамдсан асуудлын талаар нийтэд ярих энэ тал дээр эвлэлдэн нэгдэх, дуу хоолойгоо өргөх, илэрхийлэх тал дээр хойрго гэж хэлж болно. Үүнд мэдээж эцэг эхчүүдийн багаас нь зааж хүмүүжүүлсэн хэвшмэл ойлголт маш их нөлөөлдөг. Бид нар багаас нь эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг гүйж яваад бүдрээд унахад хоёр өөрөөр ялгаж харьцдаг. Эмэгтэй хүүхдийг аргаддаг бол эрэгтэй хүүхдийг бараг загнаж зандардаг эрэгтэй хүн уйлдаггүй юм гэх ч юм уу ингэж хандах нь насанд хүрсэн хойноо бусдад өөрийнхөө үзэл бодол мэдрэмжээ илэрхийлэх, зовлон бэрхшээлээ ярих дургүй хүн болох шалтгаан болж байна.