Дэлхий нийтээрээ сэтгэл зүйн эрүүл мэндээ хайрлах, анхаарч хамгаалах талаар багагүй ярьж судлах болсон. Гэвч үүнийг дагаад сүүлийн үед зохиомол сэтгэл зүйн эмгэг гэх зүйл мөн яригдаж нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх болсон байна. Үүнтэй холбоотойгоор Монгол билиг сэтгэл судлалын төвийг үүсгэн байгуулагч Э.Амина-тай ярилцлаа.
СЭТГЭЛ ЗҮЙН ЭМГЭГТЭЙ БАЙХ “ТРЕНД” ҮҮСЭЖ БАЙНА
Дэлхий нийтэд зохиомол сэтгэл зүйн асуудал гэх зүйл яригдаж байгаа. Бага насанд болсон аливаа зүйлээс сэтгэлийн шарх сэтгэцийн гэмтэл авсан эсэхийг зөвхөн мэргэжлийн хүн багагүй судалгаа ярилцлага хийж байж оношилдог. Гэтэл хүн өөрөө ямар нэг нийтлэл судалгаа уншаад өөрийгөө шууд би OCD-тэй, би сэтгэл түгших эмгэгтэй гэх мэтээр тодорхойлж түүнийгээ ойр хавийн хүмүүсдээ итгэл дүүрэн хэлдэг. Яахав бага болон өсвөр насанд тохиосон зарим зүйл таны сэтгэл зүйд нөлөөлсөн байж болох ч энэ нь үнэхээр сэтгэцийн өвчин болтлоо нөлөөлнө гэдэг тийм ч түгээмэл зүйл биш.
ЗОХИОМОЛ СЭТГЭЛ ЗҮЙН ЭМГЭГ ТАНЫГ НИЙГЭМД БИЕЭ АВЧ ЯВАХАД СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ ЭХЭЛНЭ
Зохиомлоор бий болгосон эмгэг нь цаашдаа жинхэнэ эмгэг болно гэж байхгүй. Сэтгэцийн эмгэг гэдэг зүйл заавал тархины гэмтэл юм уу сэтгэл зүйн том цочролоос үүдэж бий болдог. Харин зохиомол сэтгэл зүйн эмгэг нь өөрийг тань сэтгэлээр унагах нийгэмд биеэ авч явахад сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Хүмүүс өөртөө зохиомлоор сэтгэл зүйн эмгэг бий болгоод байгаа нь бодит асуудлаа шийдвэрлэхээс зугтааж байгаа хэлбэр. Бодит болж буй үйл явдлаас зугтааж өөрийгөө сэтгэл зүйн асуудалтай гэж хэлэх нь өөрийгөө хаацайлах бусдаар өрөвдүүлэх арга. Өөрийн гаргаж буй элдэв хариуцлагагүй байдлаа бусдаар уучлуулж ойлгуулах гэсэн нэг төрлийн сул дорой байдлын илрэл юм. Хатуу хэлж байгаа боловч энэ үнэн. Жинхэнэ сэтгэл зүйн эмгэгээ хүлээн зөвшөөрч давж гарна гэдэг маш их тэсвэр тэвчээртэй, зоригтой хүний л хийж чаддаг зүйл юм шүү.