Сэтгэлээ хуваалцах, уудлах хүнгүй гансарч, үр хүүхэд, ач зээгээ бараадсаар амьдралыг элээж буй ахмадууд урт намрыг уйтгарт автан өнгөрүүлж буй дүр зураг хотоор дүүрэн. Үеийн нөхөд нь тэнгэрт дэвшиж, урт амьдралын хөтлөлцөж туулсан хань нь хорвоогийн жамаар үгүйрэхэд тэд аргагүй ганцаардаж, түүнийгээ үр хүүхдээсээ нууж, инээсэн багаар өөрийгөө чимдэг тухайгаа бидэнтэй хуваацсан юм.
Ахмадын баяраар бид нэгэн үйл ажиллагааг зорьж очих далимаараа хэд хэдэн ахмадтай ярилцаж амжсанаа энд өгүүлье. Өөдтэй гэгээлэг зүйл яриагүй учраас гээд, тэд зургаа даруулж, төрхөө харуулахыг хүсээгүйг энд дурдах нь зүй.
Ахмад настан Б: Хоёр жилийн өмнө хань минь өөд болсон. Би чинь 37 жилийн турш хувцсаа угаалгаж, хоолоо ам руугаа хийлгэх нь холгүй ханиараа бөөцийлүүлж амьдарсан. Даварч амьдарсан гэх үү дээ. Нэг л өглөө энэ бүх аз жаргал минь салхинд хийсч уулын орой ширтэж суухаас өөр ажилгүй хорвоогийн хоног өдрийг өнгөрөөж байна. Хоёр зээ хүү минь үе үе ирж гэрийн жавар үргээгээд өвөөгийнхөө сэтгэлд нэг нар мандуулдаг юм. Үр хүүхдүүд ажил төрөл, хичээл сургууль гээд бараа нь харагдахгүй өдөр олон. Миний дөрвөн хүүхэд түшигтэй сайхан залуус бий. Талийгаач хань бид хоёр үржээд 17-уулаа болсноо бодоход сайхан байдаг юм. Гэсэн ч миний биеийн тал үгүй болсон болохоор бүтэн амьсгалж чадахгүй байх шиг санагддаг. Одоо бол үр хүүхдээ ирэх өдрийг хуруу дараад хүлээх нь ихсээд байдаг боллоо.
“…ГАНЦААРДАЛ ГЭДЭГ ҮГ ҮНЭНДЭЭ ЭНҮҮХЭНД ШҮҮ ДЭЭ…”
Ахмад насан О: Би хөгшинтэйгээ хоёул амьдардаг. Амралтын өдрөөр л бо гэртээ хоёулаа цайгаа хувааж уугаад өнждөг юм. Бусад үед нь хүүхдүүдийнхээ гэр лүү хуваагдаад явдаг. Ач зээгээ сургууль цэцэрлэгт нь бараадуулах их ажлыг хийж, хүүхдүүддээ тус нэмэр болдог юм. Хааяа энэ тэнд ахмадын уулзалт гээд болдог. Хүүхдээ харж байдаг учраас очихоосоо очихгүй нь их. Хөгшрөөд ирэхээр хүний тооноос хасагдчихдаг болтойдог оо. Саяхан ач хүү маань, “Эмээ та яагаад ажил хийхгүй байнга гэртээ байдаг юм. Танд яагаад найз байдаггүй юм” гээд л асуусан. Тэр нялх амьтанд би юугаа хэлэх вэ дээ. Инээгээд л өнгөрч байгаа юм. Ганцаардал гэдэг үг үнэндээ энүүхэнд шүү дээ. Тэглээ гээд жам юм хойно. Амьдарч л явна. Харин сүүлийн жилүүдэд ахмадуудыг дэмжсэн арга хэмжээ, уулзалтууд их болоод сайхан л байна.
Ахмад настан Ж: Би одоо 80 насыг зооглож байна аа. Чи маш хэцүү асуулт асууж байна. Одоо би их ганцаардаж байгаа. Миний найзуудын дийлэнх нь миний үеийн хүмүүс байгаа юм л даа. Нөгөө хэд маань ихэнх нь бурхны оронд байна. Бодогдоно оо, заримдаа. Тэр минь байвал ингэх сэн. Заримдаа араас нь яваад очмоор ч санагдана. Тэдэнтэйгээ нэг уулзаад ярих юм сан. Ярьж сэтгэлээ онгойлгох юм сан гэж бодогдоод байдаг болжээ. Сайн найз минь зургаан жилийн өмнө тэнгэрт дэвшсэн. Тэгэхэд нь би хотод байгаагүй юм. Тэнгэр хөмрөх шиг болж билээ. Одоо жаргал, зовлон янз бүрийн зүйлээ ярих хүнгүй болж. Хэдэн гайгүй шавь нар байна. Санаа сэтгэлээ хуваалцаад явдаг хүмүүс байна аа. Би тэдэнд баярлаад байгаа юм. Ганцаардаад ямар сайндаа шавь руу орсон байгаа биз дээ гэлээ.
СУДАЛГАА: АХМАДУУДЫН 20 ХУВЬ НЬ СЭТГЭЛ ГУТРАЛТАЙ БАЙНА
Үүнээс харвал сэтгэл гутрал буюу бүх зүйл утга учиргүй мэт санагдах, эргэн тойрны зүйлд үргэлж сөрөг өнцгөөс хандах, өөртөө итгэх итгэл буурах улмаар амьдрах хүсэлгүй болох гэсэн эмгэг нь дан ганц залуучуудад тохиолддог асуудал биш. Ахмадуудын хувьд сэтгэл зүйн асуудалтай үргэлж нүүр тулдаг. Монгол Улсын тухайд тэтгэвэрт гарсан ахмадуудынхаа сэтгэл зүйд анхаарах нь байтугай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр хүргэж чаддаггүй нь ч нууц биш. Ахмадуудад чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх газар хомс, ажил хийх бүрэн чадамж байхад ажилд авах газар олддоггүй зэрэг нь тэдэнд тулгардаг нэн тэргүүний асуудал юм. Үүнийг шийдвэрлэх нэг гарц нь бүх төрлийн цогц үйлчилгээг үзүүлэх Ахмад настны өдөр өнжүүлэх төв барих, ажил хийх боломжоор хангах явдал. Нэг үеэ бодоход байдал дээрдэж, ахмадын өдөр өнжүүлэх төв, хөгжлийн төвүүд үүдээ нээж буй нь сайшаалтай ч хуруу дарам цөөн байгаа нь асуудал хэвээр үлдэж байна.
2026 оны байдлаар манай улсад 60-аас дээш насны 260 гаруй мянган ахмад настан бүртгэлтэй байна.Тэдний өвчлөлийн тархац, сэтгэц болон нийгмийн эрүүл мэндийн байдалд хийсэн судалгаагаар 13 хувь нь өдөр тутмын уйл ажиллагааны алдагдалтай, 30 хувь нь өдөр тутмын бүтээлч үйл ажиллагааны алдагдалтай, 16 хувь нь сэтгэл гутралтай, хоёр хувь нь танин мэдэхүйн чадварын алдагдалтай гэсэн дүн гарчээ. Мөн настнуудын 16 хувь нь доройтолтой байгаа бөгөөд 2045 онд энэ түвшин 56 хувь болж нэмэгдэх тооцоолол гарсан байна.
Иймд ахмадуудынхаа үргэлжлэл болсон үр хүүхэд бид тэдэнд гойд анхаарч халуун савтай цай дундаа тавиад хааяа нэг ярилцаад суух хэрэгтэй болохын дээр дүүрэг хотын төлөөлөгчид бодлогын түвшинд анхаарах шаардлага тулгамдсаар байна