Бидний өдөр тутмын амьдралд хуванцар эд зүйлсийн хэрэглээ маш өндөр байдаг. Та зөвхөн хуванцар хоолны сав, аяга,усны сав зэргийг бодож байна уу? Гэтэл хуванцрын хэрэглээ гэдэг үүнээс хавьгүй өргөн ойлголт юм. Бид хуванцар эд зүйл, гялгар уут зэргээс гадна полестер буюу хуванцар утсаар нэхсэн хувцас, ор хөнжлийн даавуу тэр бүү хэл гоо сайхны бүтээгдэхүүн зэргээс үргэлж хуванцрыг биедээ хуримтлуулж байдаг.
ХУВАНЦАР ГЭГЧ ЗҮЙЛ БИДНИЙ БИЕД ЯМАР НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ВЭ?
Хуванцрын бүтцэд Бисфенол А (BFA) хэмээх бодис агуулагддаг. Уг бодисын нөлөөгөөр үргүйдэл, үр зулбалт, чихрийн шижин, тархины үйл ажиллагааны доголдол, хорт хавдар зэрэг өвчлөлүүд үүсэх эрсдэлтэйг олон судалгаа нотолжээ.
Үүнийг бид мэдэхгүй биш мэднэ. Хуванцрын хэрэглээгээ мөн тодорхой хэмжээнд багасгаж эхэлж байсан боловч BFA free тэмдэглэгээ, хүнсэнд зориулагдсан хүний биед сөрөг нөлөөгүй хуванцар зэрэг нэршлээс үүдэн иймэрхүү тэмдэглэгээ, нэршил бүхий хуванцар бүтээгдэхүүн аюулгүй гэсэн ташаа ойлголттой болсон. Тиймээс ээж нар эргээд л хүүхдэдээ BFA free гэсэн тэмдэглэгээ бүхий хуванцар аяга, халбага, тоглоом хэрэгслийг авсаар байна. Нэг үгээр бол хүүхдийнхээ эргэн тойрныг хуванцраар дүүргэж байна. Гэтэл BFA free гэсэн тэмдэглэгээ бүхий эд зүйл дотор түнийг орлуулах BPF, BPS гэх бодисууд агуулагдаж байдаг. Энэ 2 бодис маш бага судлагдсан бөгөөд тэдгээр судалгаагаар тархинд болон нөхөн үржихүй цаашлаад дааврын тэнцвэр алдагдахад нөлөө үзүүлж байжээ.
Нью Йоркийн их сургуулийн судлаачид Хятадын эрдэмтэдтэй хамтран 1 настай хүүхдийн өтгөнийг судлахад хүүхдийн өтгөнд насанд хүрсэн хүнийхээс илүү бичил хуванцар байгааг тогтоосон байна. Энэ мэтээр хүний биеэс гадагшилдаг төрөл бүрийн өтгөн шингэнээс бичил хуванцар хайхад шээс, эхийн сүү, эхэс, бүр биеийн бүх эрхтэнд хуванцар байгааг тогтоожээ.
ХУВАНЦРЫН НӨЛӨӨЛЛӨӨС ХЭРХЭН ӨӨРИЙГӨӨ БОЛОН ҮР ХҮҮХДЭЭ ХАМГААЛАХ ВЭ?
– Гал тогооны хуванцар эд зүйлсээ шилэн эсвэл зэвэрдэггүй гангаар солих. Тэр дундаа хуванцар ганбанз хутганы ирэнд зорогдон хоол руу их хэмжээгээр орж байдаг байна
– Аль болох гадуур хооллохгүйг хичээх. Хуванцар сав баглаа боодол тэднийг богино долгионы зууханд халаах зэрэг нь маш их бичил хуванцрыг хоолоороо дамжуулж авах эх үүсвэр болдог байна
– Арьсандаа хүргэж, мөн түрхэж байгаа зүйлсээ сайтар нягталж авах. Полестер материал бүхий хувцас, хэрэглэлээс татгалзах
Бид алхам тутамдаа, тэр бүү хэл амьсгалах агаараараа хүртэл хуванцрыг биедээ оруулж байдаг. Биднийг хүрээлсэн тоо томшгүй хуванцраас бүр мөсөн ангижирч чадахгүй ч дээр дурдсан зөвлөгөөг хэрэгжүүлснээр өөрийгөө, гэр бүлээ, тэр бүү хэл байгаль орчноо хуванцрын сөрөг нөлөөллөөс тодорхой хэмжээнд хамгаалж чадна.